Монгол Улсад томуу, томуу төст өвчин улирлын шинжтэйгээр нэмэгдэж, ихэвчлэн есдүгээр сарын сүүлчээс идэвхжин, арван хоёрдугаар сарын дунд үеэс нэгдүгээр сарын эхэн хүртэл оргил түвшинд хүрдэг. Сүүлийн жилүүдэд томуугийн улирал харьцангуй удаан үргэлжилж, өвчлөл нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачаалал өсөх хандлагатай байна. 2026 оны тархвар судлалын 39 дүгээр долоо хоногийн байдлаар томуу, томуу төст өвчний өвчлөл 10,000 хүн амд 46.5 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 2.9 тохиолдлоор буурсан боловч сүүлийн гурван жилийн мөн үеийн үзүүлэлтээс өндөр байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78.3 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бол амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 59.0 хувийг 6 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Энэ нь томуугийн улиралд хүүхдийн өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эцэг, эх, асран хамгаалагчдын анхаарал, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 93.8 хувьд хүрлээ
2026/2027 оны томуугийн улиралд зорилтот бүлгийн хүн амыг томуугийн эсрэг дархлаажуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Одоогийн байдлаар зорилтот бүлгийн томуугийн эсрэг дархлаажуулалтын хамралт 93.8 хувьд хүрээд байна. Улсын хэмжээнд нийт 333,000 хүн тун вакцин хүлээн авч, зорилтот бүлгийн хүн амд вакцинжуулалтыг зохион байгуулсан. Мөн үлдэгдэл 167,000 хүн тун вакциныг 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, орон нутагт тарааж дуусгасан байна. Ингэснээр томуугийн улирал эхэлж буй энэ үед зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах вакцины хүртээмжийг хангаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: “Томуу, томуу төст өвчний үед хамгийн түрүүнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ёстой. Тиймээс өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, вакцинжуулалтад хамруулах нь хамгийн чухал. Үүний зэрэгцээ өвдсөн хүүхдээ гэрт нь зөв асарч, хүндрэлээс сэргийлэх нөхцөлийг эцэг, эхэд бүрдүүлэх шаардлагатай.” гэв
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангаж байна
Томуу, томуу төст өвчний улиралд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах хүрээнд хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна. Томуу, томуу төст өвчний лабораторийн шинжилгээ хийх 4 сарын нөөц оношлуур бүрдүүлсэн. Мөн улсын хэмжээнд 4,000 ор дэлгэх бэлэн байдлыг хангасан бөгөөд өвчлөлийн нөхцөл байдалд өдөр тутмын тандалт, хяналтыг хэрэгжүүлж байна.
Өвчилсөн хүүхдээ асрах эцэг, эхэд түр зохицуулалт хийнэ
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчний хүндрэл болон халдварын тархалтаас сэргийлэхэд хүүхдээ гэрээр асрах, эмчилгээ сувилгааг зөв хийх нь чухал. Иймд ажил, хөдөлмөр эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчдад өвчилсөн хүүхдээ асрах боломж бүрдүүлэх түр хугацааны зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгаад байна. Уг зохицуулалтыг 2026 оны 11 дүгээр сарын 1-нээс 2027 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт болон гэрээр асарч байгаа ажилтны ажлын онцлог, боломжийг харгалзан:
• гэрээс цахимаар ажиллуулах;
• цахимаар ажиллах боломжгүй тохиолдолд ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох зохицуулалтыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ асрахын зэрэгцээ боломжтой нөхцөлд ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх боломж бүрдэх юм. Эрүүл мэндийн яамнаас эцэг, эх, асран хамгаалагчдыг томуугийн эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах, бага насны хүүхдийг олон нийтийн газраар шаардлагагүй авч явахгүй байх, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулахгүй байх, эмчийн зөвлөгөө авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )