Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 8-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон талаарх 45 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Мөн зам тээврийн осол тав, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг гурван удаа бүртгэгдсэн байна.
Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Хүлээлгэх хариуцлага
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1–3 жилээр хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэнэ.
Согтуугаар жолоо барих нь зөвхөн жолоочийн төдийгүй бусад замын хөдөлгөөнд оролцогчдын амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулдаг тул жолооч бүр хариуцлагатай байж, замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөхийг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 0 )