Амралтын өдрүүдэд цас орж, цасан болон шороон шуурга шуурна

О.Должин | Zindaa.mn
55 минутын өмнө

Цаг уурын байгууллагаас энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 9-11-ний өдрүүдэд зарим нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг анхаарууллаа.

Тодруулбал, аравдугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн ихэнх нутаг, Увс, Ховд, Завхан аймгийн хойд хэсэг болон Хөвсгөл аймгийн баруун сумдын нутгаар цас орно. Харин аравдугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим, Увс, Завхан, Булган аймгийн хойд сумдын нутгаар хур тунадас орж, хэмжээ нь 0.0-5.0 мм байх төлөвтэй байна.

Аравдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Завхан аймгийн зүүн, Говь-Алтай аймгийн хойд, Хөвсгөл, Архангай аймгийн ихэнх, Булган аймгийн зарим сумдын нутгаар хур тунадас орно. Мөн 11-ний өдөр Хөвсгөлийн зүүн, Өвөрхангайн хойд, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн зарим сумдын нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Түүнчлэн Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор салхи секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температурын хувьд Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэнбэлчир орчмоор өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл орчмоор +9…+14 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнодын тал нутгаар +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байх төлөвтэй.

Иймд малчид, тээвэрчид, тариаланчид болон орон нутгийг зорих иргэд цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top