Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Од Мөндөр” сувгийн шинэ контентууд ТВ8 телевизийн эфирээр хүрч эхэллээ

О.Должин | Zindaa.mn
53 минутын өмнө

ТВ8 телевиз “Од Мөндөр” сувагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, шинжлэх ухаан, танин мэдэхүй, түүхийн үнэ цэнтэй бүтээлүүдийг өргөн нэвтрүүлгийн телевизээр дамжуулан үзэгчдэд хүргэж эхэллээ.

YouTube платформд 315 мянган дагагчтай, 2,500 гаруй нэвтрүүлэг бүтээж, нийт 70 сая үзэлт аваад буй “Од Мөндөр” сувгийн уран бүтээлчид гуравдугаар улирлаа шинэ бүтээл, шинэ төрлийн контентуудаар эхлүүлж байна. Энэхүү хамтын ажиллагаагаар цахим орчинд үзэгчдийн хүртээл болж ирсэн мэдлэг, мэдээллийн үнэ цэнтэй бүтээлүүдийг илүү өргөн хүрээний үзэгчдэд хүргэх боломж бүрдэж байгаа юм.

“Од Мөндөр” сувгийн бүтээлүүд Монголын болон дэлхийн түүх, намтарчилсан нэвтрүүлэг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн сонирхолтой баримт, хүний амьдралын бодит түүх зэрэг олон талт агуулгыг хамардаг. Эдгээр бүтээл нь үзэгчдэд шинэ мэдлэг олгох, аливаа зүйлийг олон талаас нь эргэцүүлэн бодох, ертөнцийг танин мэдэх хүсэл сонирхлыг өдөөхөд чиглэдэг.

Мэдээллийн хурдацтай эрин үед мэдлэгийг ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэж, үзэгчдийн оюуны хэрэгцээг хангах нь соён гэгээрлийн чухал хэсэг юм. Энэ утгаараа “Од Мөндөр”-ийн контентууд нь зөвхөн мэдээлэл дамжуулахаас гадна түүхэн үйл явдал, шинжлэх ухааны нээлт, хүний амьдралын сургамжийг танин мэдэх боломжийг үзэгчдэд олгож байгаагаараа онцлог.

Энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд “Од Мөндөр”-өөс гадна өөр таван сувгийн бүтээл ТВ8 телевизийн эфирээр олон нийтэд хүрнэ. Тухайлбал, шинжлэх ухаан, танин мэдэхүйн баримт мэдээллийг өвөрмөц хэлбэрээр хүргэх “Аравт”, хүүхэд багачуудад зориулсан тусгай контент, олон нийтийн анхаарал татсан мэдээллийг багтаах “Сэнс”, мөн Монгол болон дэлхий дахинд уламжлагдан ирсэн домог, хууч яриаг өгүүлэх бүтээлүүд үзэгчдийн хүртээл болох юм. 

Ингэснээр үзэгчид түүх, шинжлэх ухаан, танин мэдэхүй, хүүхдийн боловсрол, домог хууч зэрэг олон чиглэлийн агуулгыг нэг дороос хүлээн авч, өдөр тутмынхаа мэдээлэл, мэдлэгийн хүрээг тэлэх боломжтой болж байна.

“Од Мөндөр”-ийн контентуудыг ТВ8 телевизийн эфирээр өдөр бүрийн 07:00, 11:00, 15:00 цагт, мөн шөнийн 00:00 цагаас хойш давтан хүлээн авч үзээрэй.

Энэхүү хамтын ажиллагаа нь мэдлэг, мэдээллийн үнэ цэнтэй бүтээлүүдийг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, үзэгчдийн танин мэдэх хүсэл эрмэлзлийг дэмжих, үндэсний телевизийн контентын сонголтыг баяжуулахад чиглэсэн чухал алхам юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top