“Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн нэрийг барьж, иргэдийг төрийн өмчийн орон сууцанд сонгон шалгаруулалтгүй хамруулна хэмээн хуурч, мөнгө болон хувийн мэдээллийг нь авах тохиолдол гарч байгааг тус корпорациас анхаарууллаа.
Тодруулбал, иргэдийг төрийн өмчийн орон сууцны төсөл, хөтөлбөрт ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй хамруулна гэх санал тавьж, залилан мэхлэх эрсдэл үүсэж байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан журмын 1.4-т төрийн өмчийн орон сууцны бүртгэл, сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахаар заасан байна.
Одоогоор “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-аас албан ёсоор зарлаж, бүртгэлийг нь эхлүүлсэн түрээсийн болон түрээслээд өмчлөх орон сууцны төсөл, хөтөлбөр байхгүй гэдгийг мэдээллээ.
Иймд иргэдийг дараах зүйлсэд анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
Зуучлагч, хувь хүн, байгууллагад орон сууцанд хамруулах нэрээр мөнгө шилжүүлэхгүй байх;
Банкны дансны мэдээлэл, нууц үг, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байх;
Орон сууцны төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах;
Сэжигтэй санал, залилангийн шинжтэй тохиолдлыг холбогдох байгууллагад мэдэгдэх.
Иргэд орон сууцны төсөл, хөтөлбөрийн талаарх баталгаатай мэдээллийг “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн www.tosk.gov.mn цахим хуудас болон албан ёсны Facebook хуудсаар дамжуулан авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )