Та нүүрээ зөв угааж чаддаг уу…

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 06

Эрт дээр үеэс биеэ арчлах, тэр дундаа угаал үйлдэх ёсыг уламжлал болгосоор иржээ. Францад XVIII зууны үеийн ихэс дээдсийн хүрээнийхэн угаал үйлдэх ёсыг гаргасан байна. Гэхдээ нүүрээ байнга угаах нь арьсыг эмзэг мэдрэмтгий болгож, хуурайшуулдаг гэсэн ойлголт байсан.  Харин өнөөдөр гоо сайханчид зөв арчилгаа арьсыг удаан хугацаагаар гоё сайхан харагдуулдаг болохыг олж тогтоосон. Үүний гол аргачлал нь арьсыг цэвэрлэх, тэжээл өгөх, хамгаалах гэсэн гурван аргаас бүрдэнэ.
Арьсыг цэвэрлэх хамгийн энгийн, боломжит зүйл бол энгийн ус юм. Гэвч зарим хүн ус арьсыг эрт хөгшрүүлдэг хэмээн үздэг. Энэ бол худлаа. Ус арьсыг гайхалтай тогтворжуулагч зүйл юм. Арьсны эд эсийг цочроосноор бодисын солилцоог сайжруулдаг нь шинжлэх ухаанаар тогтоогдсон.
Үүнээс гадна хир буртгийг ч найдвартай цэвэрлэдэг онцлогтой. Үнэндээ давс, кальци, магни зэрэг химийн бусад элемент ихээр агуулсан хатуулаг ихтэй ус арьсыг хуурайшуулдаг. Үүнээс гарах арга зам нь усыг зөөлрүүлж, буцалгаж хэрэглэх. Мөн нэг литр усанд цайны халбагын талаар хүнсний давс, эсвэл борын хүчил хийж зөөлрүүлж болдог. Ер нь буцалгасан усаар нүүрээ угаах нь маш зөв арчилгаа юм.
Нүүрээ хэзээ угаах хэрэгтэй вэ? /өглөө, эсвэл орой/
Бүх зүйл арьсны онцлогоос шалтгаална. Хэрэв хуурайшиж, үрэвссэн арьстай бол нүүрээ өглөө угаахаас татгалзаарай.  Хүйтэн усаар, ялангуяа өвлийн улиралд нүүрээ угаах нь арьсыг цочролд оруулж, өвчлүүлж, бодисын солилцоог бууруулдаг. Удаан хугацааны турш халуун усаар нүүрээ угаавал арьс нүхжиж, улайдаг. Мөн халуун ус нь нүүрний булчинг сулруулж, арьсанд үрчлээ суухад нөлөөлдөг байна.
Та хуурай арьстай бол өглөө нүүрээ угаахдаа тасалгааны хэмтэй адил дулаантай усаар угаах хэрэгтэй. Бүлээн ус судсыг богино хугацаанд агшааж, сунахад нөлөөлдөг учраас цусны эргэлтийг сайжруулдаг. Харин энэ нь арьсанд сайн тэжээл болдог.
Дулааны улиралд өглөөд нүүрээ хүйтэн усаар угааж болно. Хүйтэн ус арьсыг цочроож, эд эсийг нь сэргээдэг. Харин шөнөдөө аль болох бүлээн усаар угаах хэрэгтэй. Энэ нь арьсыг тайвшруулах сайн нөлөөтэй.
Далдуу модны цэцэг, гаа, шивэл, гоньдны үр зэргээр ханд бэлтгэж нүүрээ угаахад сайн. Ургамлыг сайтар холиод хоёр аяга ус хийн, зөөлөн гал дээр 5-10 минут буцалгана. Бэлэн болсон хандаа хөргөөд, сайн шүүсний дараа хэрэглэнэ.
Хуурай арьсыг бага зэрэг хүчиллэгтэй усаар угааж, сүү, цөцгий, ургамлын тосоор цэвэрлэвэл сайн үр дүнтэй. Мэдээж өдөр бүр хэрэглэж болохгүй. Ер нь халуун хүйтэн усаар ээлжилж угаавал сайн байдаг.
Ийнхүү сөөлжүүлж угаасны дараа чийгтэй арьсанд 15-20 минутаар тэжээлийн тос түрхэж өгнө.
Тослог арьсыг арай өөр аргаар угаана. Халуун ус арьсны тослогийг багасгаж, хуурайшуулдаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ энэ нь тослог арьстай хүн заавал халуун усаар угаана гэсэн үг биш. Хэрэв та нүүрээ байнга халуун усаар угаагаад байвал арьсны нүх суларч томроод тос улам их ялгарах нөхцөлийг бүрдүүлнэ. Тослог арьстай хүн өглөө нүүрээ угаахдаа бүлээн усыг сонгох хэрэгтэй. Харин орой бүлээн, хүйтэн усаар сөөлжүүлж угаана. Мөн нэмж зөвлөхөд тослог арьсыг өглөө оройдоо угаасны дараа тусгай цэвэрлэгч шингэнээр үлдэгдэл тосыг арчиж цэвэрлэвэл сайн.
Угаалгад зориулсан ургамлын ханд бэлтгэхээс битгий залхуур. Таван салаа, халгай, балжингарма ургамлыг ханд бэлтгэхэд ашиглаж болно. Ургамлыг хэрчиж жижиглээд хоёр аяга буцалсан усанд хоолны хоёр халбага ургамал (хольж, эсвэл дангаар нь) хийн 30 минут байлгана.
Энгийн арьстай бол өдөрт хоёр удаа (өглөө, оройд) угаана.

Бэлтгэсэн Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top