НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен тээврийн нисдэг тэргэнд сууж явсан Америкийн тэнгисийн явган цэргүүд амь үрэгдсэн явдалд эмгэнэл илэрхийллээ. Өнгөрсөн баасан гарагт Афганистаны зүүн нутгийн Вардак мужид АНУ-ын зэвсэгт хүчний “Си-Эйч-47 Чинук” гэдэг десантын нисдэг тэргийг Афганы талибууд пуужингаар буудан унагасан байна. Амь үрэгдэгсдийн дотор энэ оны тавдугаар сард Пакистанд “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Осама бен Ладеныг устгахад оролцсон тэнгисийн явган цэргийн тусгай хүчний албан хаагчид байжээ. Нисдэг тэргэн дотор байсан тэнгисийн цэргийн тусгай хүчний 22, агаарын цэргийн хүчний 3 албан хаагч, нохой сургагч болон орчуулагч, Афганистаны армийн тусгай хүчний 7 албан хаагч, багийн гишүүд нийт 38 хүн амь үрэгдсэн байна. Афганистаны Ерөнхийлөгч Хамид Карзай дээрх хэрэг явдал болсонтой холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад эмгэнэл илэрхийллээ. Дээрх явдал нь бараг 10 жил үргэлжилж байгаа Афганы дайны үеэр Олон улсын эвслийн цэргийн хүчний хүлээсэн хамгийн том хохирол болсныг албаны хүмүүс мэдэгдсэн байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )