Еврогийн бүсийн хямрал дэлхийг бүхэлд нь хамарч болзошгүй учир үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд авах арга хэмжээг санхүүгийн "Их-7" болон "Их-20"-ийн түвшинд хэлэлцэх хэрэгтэй байна гэж Европын Эдийн засаг болон валютын бодлого хариуцсан комиссар Олли Рен мэдэгджээ. "Одоогоор хямрал зөвхөн Европыг хамарч байгаа ч хүрээ, хэмжээ болон уршиг дагавар нь дэлхий нийтээр тархаж болзошгүй. Тиймээс өнөөдөр санхүүгийн "Их-7", "Их-20"-ийн хүрээнд дэлхий даяар авч хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэх хэрэгтэй" гэж Рен хэлсэн байна. Түүний хэлснээр, Европын комисс, Европын Төв банк, Европын санхүүгийн тогтвортой байдлын механизм нь долдугаар сарын 21-нд болсон еврогийн бүсийн дээд хэмжээний яаралтай уулзалтаас гаргасан шийдвэрийн дагуу Грект зориулан хямралын эсрэг шинэ хөтөлбөрийг түргэн боловсруулахын тулд амсхийх завгүй ажиллаж байна. Итали, Испанид санхүүгийн яаралтай тусламж үзүүлэх шаардлагагүй гэдгийг Рен батлан хэлжээ. Одоогийн байдлаар еврогийн бүсийн болон Олон улсын валютын сангийн санхүүгийн тусламжийг Грек, Ирланд, Португали улс авч байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )