26 жил болоогүй эмх замбараагүй байдал Лондонд үүсэв

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 09

Английн Лондон хотноо 200 гаруй хүн эмх замбараагүй байдал үүсгэж, ойролцоох дэлгүүрийн цонхыг хагалж, цагдаагийн автомашинуудыг эвдэж танхайрчээ. Энфилдийн гудамжнаас эх авсан энэхүү эмх замбараагүй байдал Тоттенхэмийн ойролцоо дахин үүсч, цагдаа нар хүч нэмэгдүүлсний дүнд танхайрагчдыг баривчилсан байна. Лондоны өмнөд хэсэгт ч жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж, цагдаа нарыг хэргийн газар ирэхээс өмнө тарж, зугтсан тухай Скотланд-Ярд мэдээлжээ. Өнгөрсөн пүрэв гарагт хувийн таксины жолооч, 29 настай Марк Дагганыг цагдаа нар буудан хөнөөснийг эсэргүүцэн, үнэн мөнийг тодруулахын тулд олон зуун хүн Лондоны гудамжаар жагссан нь аажимдаа эмх замбараагүй байдал үүсэхэд хүргэсэн юм. Цагдаа нар Марк Дагганыг зогсоож, машинд нь нэгжлэг хийх гэсэн ч татгалзсан хариулт сонссон төдийгүй буудалцаж эхэлжээ. Гэвч нутгийн иргэд цагдаа нарыг худал мэдээлэл тарааж, гэмгүй хүний амийг хөнөөчихөөд гэм бурууг нь тохох гэж байна хэмээн үзэж, жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.


Эмх замбараагүй байдлын үеэр дэлгүүрийн шил, цонхыг хагалж, цагдаагийн машиныг эвдэхэд оролцсон байж болох 55 залууг баривчилжээ.Харин хохирогч Марк Дагганы гэр бүл "Бид хагацал зовлон, гашуудал, харуусал дунд живж байна. Түүнийг танхай этгээд байсан мэт харагдуулах хэрэггүй. Тэр үлгэр жишээ эр хүн, халамжтай сайн эцэг, гэрсэг, томоотой залуу байсан. Гэхдээ бид жагсаал цуглаан, эмх замбараагүй байдлыг дэмжихгүй. Хүмүүс ихэд уурлаж, бухимдсаныг ойлгож байна. Тэдэнд хандаж тэвчээртэй байхыг хичээгээрэй" гэж хэлье хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Лондонд 1985 оноос хойш олон нийтийг хамарсан ийм эмх замбараагүй байдал үүсч байгаагүй юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top