Канадын эрх баригчид Ливийн бүх дипломатыг улсаасаа гаргахаар болов. Дипломат ажилтнуудыг Оттава дахь байраа чөлөөлөх, Канад улсаас гарч явахад тав хоногийн хугацаа өгсөн байна. Түүнээс гадна Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд дипломатуудад Элчин сайдын яамны дансыг хаасныг мэдэгдэв. Канадын тал Ливийн удирдагч Муамар Каддафийг түлхэн унагаахаар дайтаж буй босогчдыг дэмжиж нутгаасаа Ливийн дипломатуудыг гаргаж байгаа. Өнгөрсөн тавдугаар сард Канад Ливийн таван дипломатыг улсаасаа гаргасан билээ. Гурван долоо хоногийн өмнө Муамар Каддафийн засаг, захиргаа Канад дахь Элчин сайд Абдулрахман Абутутуг эргүүлэн татсан аж. Канадын армийнхан гуравдугаар сараас эхлэн Ливийн энгийн иргэдийг хамгаалах Өрнөдийн орнуудын цэргийн ажиллагаанд оролцож байгаа. Канад улсаас гадна Их Британи, Франц, Герман болон бусад хэдэн орон Каддафийн засаг, захиргаанд харьяалагддаг Ливийн дипломатуудыг нутаг буцаасан юм.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )