БНАСАУ Өмнөд Солонгосын БХЯ-ны сайдын аминд халдах гэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 11

Пхеньяны талаар хатуу байр суурь баримталдгаараа алдартай Өмнөд Солонгосын БХЯ-ны сайдыг БНАСАУ устгахыг оролдож байна гэж БНСУ-ын Засгийн газар дахь эх сурвалжууд мэдээллээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд Ким Гван Жинийг ангуучлах ажиллагааг Умард Солонгос зохион байгуулж байгаа тухай тагнуулын мэдээллийг Сөүлийн эрх баригчид авсан байна.

БНСУ-ын Зэвсэгт хүчин болон Сөрөх тагнуулын газар сайдын амь насанд хэн халдаж болзошгүйг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Умард Солонгосын даалгавраар гуравдагч улсаар дамжин Өмнөд Солонгост ирэх гадаадын иргэнээр дамжуулан үйлдүүлэх гэж байгаа эсэхийг тодруулж байна. Үүний сацуу лхагва гарагт Шар тэнгис дэх хоёр Солонгосын хилийн ойролцоо Умардын талаас буудсан их бууны сум дэлбэрсний дараа БНАСАУ руу Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин гурван удаа анхааруулах хариу гал нээжээ.

Умард Солонгосын их буу хилийн зурвасаас хойш 11 километр, Ёнпхёндо арлаас зүүн хойш 20 километр зайтай орших Ёнмэдо арал дээр байна гэж өмнөдийнхөн үзэж байна.

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 23-нд Ёнпхёндо арал руу Умардаас гал нээсэн хэргийн дараа тус арлын бараг бүх иргэдийг нүүлгэн шилжүүлж, арал дээр байлдааны нисэх хүчин, тухайлбал, тийрэлтэт сөнөөгч нисэх онгоц байрлуулсан билээ.

Энэ оны хавар Өмнөд Солонгос Ёнхпхёндо болон Пэннендо аралд 130 миллиметрийн калибртай дохионы тийрэлтэт системүүд байрлуулсан юм. Төхөөрөг бүр 23-26 километр зайд нисэх чадалтай 36 пуужингаар цэнэглэгдсэн ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top