НАТО яагаад энгийн иргэд рүү халдав?

Автор | Zindaa.mn
2011 оны 08 сарын 12

Ливийн энгийн 85 иргэн НАТО-гийн ээлжит бөмбөгдөлтийн золиос боллоо. Тэдний дунд 33 хүүхэд байжээ. НАТО-гийн Агаарын цэргийн хүчнийхний энэ удаагийн цохилт Триполи хотоос зүүн зүгт орших Маджар тосгонд туссан байна. Энэ тухай Жамахирийн тэргүүн хурандаа М.Каддафигийн төлөөлөгч Мусса Ибрагим мэдэгджээ.

Тэрбээр “Энэ бол эвслийн зорилго. Цэргийн объектууд байсан” гэжээ. Гэвч тэрбээр энгийн иргэд нас барсан тухай мэдээллийг нотлоогүй аж. Гэхдээ М.Ибрагим хэлсэн үгнийхээ баталгаа болгож сэтгүүлчдийн өмнө сүйрсэн байшин барилга харуулж, Ливийн телевиз шархадсан болон эрэмдэг болсон хүүхдүүдийн цогцос бүхий дүрс бичлэгийг үзүүлжээ.

М.Каддафигийн ярьснаар “алаан хядаан” гэж нэрлэсэн агаарын цохилт нь босогчдын Триполи хүртэл замыг цэвэрлэх ёстой байсан аж. Олон хүний амь эрсэдсэнтэй холбогдож тус улсад гурван өдөр гашууджээ. “Энэхүү эмгэнэлт явдал нь НАТО-гийн өдөр бүр үзүүлж байгаа ширүүн тэмцлийн дүр зураг” хэмээн Ливийн улс төр судлаач Саад Манна онцлов.

Тэрбээр “Тэнд цэргийн зорилго байхгүй. Энэ дүүрэгт энгийн иргэд амьдардаг. Нэрвэгсдийн дунд хүүхэд, эмэгтэйчүүд байсан. Тэдний тоог одоогоор тогтоож чадаагүй байна. Нацистууд Сталинградыг бөмбөгдсөн шиг харгис энэ аймшигт гэмт хэргийг дэлхий дахин харж болох юм. Миний бодлоор НАТО-гийнхан мухардалд орчихоод гарч чадахгүй байна. Эхлээд тэд Ливийг 2-3 долоо хоног дотор бөмбөгдөөд амжилтад хүрнэ гэж бодож байсан. Гэтэл тийм амар байсангүй. Тэр ч бүү хэл тэнгисийн болон хуурай замыг хаасан нь НАТО-д ялалт авчраагүй. Лалын шашны рамадан сарын хугацаанд үйлдэж байгаа балмад явдал түрэмгийлэгчдийн цөхрөлийг харуулж байна” гэв.

Эвслийн удирдлагын нэг бус удаа мэдэгдсэнээр НАТО-гийн нарийн тусгалтай цохилтууд нь зөвхөн Триполигийн цэргийн дэд бүтэцтэй дэглэмд зориулагдсан аж. Гэвч энэ нь нэг бус удаа энгийн хүмүүсийн амь насыг бүрэлгэсэн эмгэнэлт явдал болж хувирчээ. Өнгөрсөн тавдугаар сард Канадын Батлан хамгаалах яам лазерын тусгалтай 1300 онгоцыг Ливийн бөмбөгдөлтөд ашиглахаар захиалсан нь тодорхой болсон юм. Тэд үүнд 130 сая ам.доллар зарцуулсан аж.

Гэтэл НАТО-гийн зэр зэвсэг урьдын адил анхаарал татсаар байгаа юм. Хамгийн гол нь Ливийн асуудлыг гаднаас нь цэргийн оролцоотойгоор зохицуулах боломжгүй аж. Учир нь АНУ болон түүний ойрын холбоотнууд, юуны өмнө Франц, Их Британи улс Ливийн иргэний дайнд оролцсонд байгаа гэнэ. Тэд цэргийн идэвхтэй ажиллагаа явуулж байгаа ч өнөөг хүртэл амжилт олоогүй байна. Зарим ажиглагчийн үзэж буйгаар дан ганц агаараас цохилт өгснөөр сөргөлдөөнийг шийдвэрлэх аргагүй. Ливи нь НАТО-гийн цэргийнхний нарийн онилгооны тод жишээ биш бололтой.

Олон ч орны телевизээр 2007 онд Иракийн энгийн иргэдийг Америкийн цэргүүд нисдэг тэрэгнээс буудаж байсныг бүгд санаж байгаа. Энэхүү маш нууц материал нь интернэтээр бүх нийтийн хүртээл болсон юм. Тэр ч бүү хэл, шуугиан тарьсан “Викиликс”сайт Иракт явуулсан цэргийн ажиллагааны явцад жил бүр 30 гаруй энгийн иргэн амиа алдаж, хүн амын нийт хохирол хэдэн арван мянгад хүрсэн тухай мэдээллийг ил болгож байв. 2008 онд НАТО Афганистаны өмнөд нутгийн Кандагар мужийн Шахваликот тосгоныг бөмбөгдсөн явдал нь нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байв. Тухайн үед цэргийнхний гаргасан алдаанаас болж 95 энгийн иргэн амь үрэгдсэний 11 нь хүүхэд байсан аж. Олон улсын хамтын нийгэмлэг 1973 дугаар тогтоолыг харгалзаагүй. Тиймээс НАТО олон улсын хууль болон дүрмийг зөрчиж, Ливид цохилт өгч байна.

Нөгөөтэйгүүр тус улсын сөрөг хүчний дунд хагарал дээд цэгтээ хүрчээ. Тэдний талд орсон барууныхан зорилгодоо хүрч чадаагүй. Энэ нь сөрөг хүчнийхний улс төрийн хямралын шалтгаан болж байна. Шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн тэргүүн Мустафа Абдель Жалиль засгийн газрыг огцруулж, шинэ засгийн газрыг бүрдүүлэх тухай мэдэгдсэн. Гэвч үүнийг хийхэд босогчдын цэргийн командлагч Абдель Фаттах Юнис хэрэгтэй байсан гэдгийг шинжээчид онцолжээ. Учир нь Ливийн иргэдийн хүндэтгэлийг хүлээсэн хүн байсан аж. Харин одоо ийм хүн гарч ирэхэд хугацаа хэрэгтэй. Иймээс Ливийн иргэний дайныг тэд өөрсдөө зохицуулах ёстой гэдэгт олон улсын мэргэжилтнүүд итгэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top