Английн “Премьер Лиг”-ийн өнгөрсөн жилийн аварга “Манчестр Юнайтэд”-ийн хамгаалалтын гол тамирчдын гэмтэл бэртлийн асуудал дасгалжуулагч Сер Алекс Фергусоны санааг ихэд зовоож байна. Энэ багийн төвийн хамгаалагч Рио Фердинанд “Вест Бром”-ын эсрэг хийсэн “Премьер Лиг”-ийн нээлтийн тоглолтын үеэр шөрмөсөндөө гэмтэл авч, талбайг орхисон. Гэхдээ тэр тоглолтын 75 дахь минут хүртэл талбайд тоглосон юм. “Манчестр Юнайтэд” клубийн албан ёсны вэб сайтад түүний талаар зургаан долоо хоногийн хугацаанд талбайд гарах боломжгүй гэжээ. Түүнчлэн энэхүү тоглолтын үеэр “Манчестр Юнайтэд”-ийн ноён нуруу гэгддэг серб хамгаалагч Неманья Видич шилбэний гэмтлээс болж талбайг орхисон аж. Неманья Видичийн хувьд харин ирэх долоо хоногт хийх тоглолтыг өнжөөд дараагийн тоглолтод оролцох боломжтой гэнэ. Гэмтэл авсан гурав дахь тамирчин нь Рафаэль Да Силва. Тэрбээр бэлтгэлийн үеэр мөрөө мулталсан бөгөөд гэмтлээ бүрэн эдгээхэд 10 гаруй долоо хоног шаардагдах аж. Эдгээр тамирчны гэмтэл нь тэдний шигшээ багуудын хувьд тун хохиролтой үйл явдал. Учир нь ойрын өдрүүдэд 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд явагдах ёстой. Рио Фердинанд л гэхэд ийнхүү Болгар, Уэльсийн шигшээ багуудын эсрэг хийх тоглолтод оролцохгүй болсон нь Английн шигшээгийн хувьд том гарз юм. “Манчестр Юнайтэд”-ийн ерөнхий дасгалжуулагч Сер Алекс Фергусон багийнхаа хамгаалалтын гол тамирчдын гэмтэл бэртлийн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Гэхдээ “Манчестр Юнайтэд” сэлгээний тамирчид олонтой учраас одоогийн нөхцөл байдлаас харьцангуй бага хохирол амсана гэж үзэж буйгаа мэргэжилтнүүд мэдэгдэв.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )