Гадаадын томоохон зочид төлөөлөгчдийн хөлд дарагдсан өдрүүд үргэлжилсээр байна. Солонгосын Ерөнхийлөгч, Америкийн дэд ерөнхийлөгчийн айлчлалын “салхи” намжаагүй байтал Финландын Ерөнхийлөгч, хатагтай Таръя Халонен айлчилж байна. Ийнхүү өндөр хөгжилтэй улс орнуудын эрх баригчид манайхыг зорин ирж буй нь Монгол улс дэлхийд тоогдож эхэлсний гэрч болов уу. Эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл болох газрын доорхи баялаг маань тэдний сонирхлыг гойд татаж байна. Мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг удирдах үүргийг манай улс хүлээн авсантай ч бас холбоотой биз.
Хатагтай Таръя Халонен бол Финланд улсын 11 дэх, гэхдээ анхны эмэгтэй ерөнхийлөгч ажээ. 1943 онд нийслэл Хельсинк хотод төрсөн тэрээр хууль эрх зүйн чиглэлээр Хельсинкийн их сургууль төгссөнөөс хойш Финландын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Үйлдвэрчний эвлэлд хуульч, Парламентийн гишүүн, Нийгэм эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд зэрэг албыг хашиж байв. 2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Финланд бол хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентийн ардчилалтай орон юм. Зургаан жил тутамд шууд сонгогддог Ерөнхийлөгч нь төрийг тэргүүүлнэ. Таръя Халонен 2006 онд улиран сонгогдсон юм байна. Түүний нөхөр нь хуульч, их сургуулийн багш. Тэд нэг охинтой ажээ.
Бүгд найрамдах Финланд улсын хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо өндөр хувьтай. Одоо тус улсын Ерөнхий сайдаар Мари Кивиниеми гэдэг эмэгтэй ажиллаж байна. Засгийн газрын 20 сайдын 12 нь эмэгтэйчүүд. Харин парламентийн гишүүдийнх нь 40 нь эмэгтэй ажээ.
Финланд бол аж үйлдвэр өндөр хөгжсөн орон. Манай хоёр орон 1963 онд дипломат харилцаа тогтоожээ. Монголчууд өнөөдөр финланд будгийн чанарыг таньж, тэндээс ирсэн цаасан дээр хэвлэсэн сонингоо уншиж байгаа. Финландаас хамгийн ихээр оруулж ирдэг зүйл нь цаас. Оронд нь манайх цөөн тооны сүлжмэл эдлэл гаргадаг. Ер нь Финландын хөгжлийн гол түлхүүр нь өндөр технологи юм. Чөлөөт эдийн засаг, зах зээлийн харилцаатай. Финландчууд нийтээрээ чинээлэг амьдралтай.
Хатагтай Таръя Халонений айлчлал монголчуудад найрамдал, хамтын ажиллагаа, ардчилал, зах зээлийн харилцааны бас нэгэн шинэ хуудсыг нээлээ. Тус улсаас суралцах зүйл бидэнд их бий. Улс төрийн хүрээнд ч, эдийн засгийн салбарт ч финландчууд амьд үлгэр жишээ болох нь дамжигггүй. Хатагтай Таръя Халонений айлчиллын үеэр үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагааны асуудлууд хөндөгдөх нь гарцаагүй юм.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Сэтгэгдэл ( 0 )