Улс бүхэн өөр өөрийн онцлогтой. Энэ онцлогоо улам тодотгохын тулд хачин жигтэй зүйл сэдэж олох нь бий. Зарим нэг улс татвараараа онцгойрохыг хүсч, байж боломгүй гэмээр татвар иргэдээс авдаг байсан байх юм. Англид гэхэд "Санал өгсөн"-ий гэдэг нэртэй татвар авдаг аж. 20 гаруй жилийн өмнө үүссэн энэ татварыг Их Британийн хүн амын 30 гаруй хувь нь төлөхөөс татгалзаж, 1990 онд үүнийг эсэргүүцэн жагсч байжээ. Үүнээс болж тухайн үеийн Английн Ерөнхий сайд "төмөр хатагтай" М.Тэтчер огцорч байсан гэдэг. Дээр үед Германд "Болжморын татвар" үйлчилж байжээ. Тодруулбап, XVIII зууны үед Германд айл өрх бүр 12 болжмор шувуу устгах ёстой. Үүний төлөө өрх бүр урамшуулал авна. Хэрэв биелүүлж чадаагүй бол татвар төлдөг байв. Татвар бус ч гэсэн манай өмнөд хөрш Хятадад 1960-аад оны үед Мао даргын тушаалаар иргэд болжмортой дайн зарлаж, олноор алж хядаж, төр улсдаа, "дарга" Маодаа нэг ёсны "татвар" төлж байсан гашуун түүх бий. Тэгвэл социализмын үед энэ системд багтаж байсан улсууд "Хүүхэдгүйн татвар" гэж авдаг байсан. Манайд энэ татвар мөн үйлчилж байсан. Энэ татварыг 20-50 насны эрэгтэй, 20-45 насны эмэгтэйчүүдээс авдаг байв. Бүх хүн цалингийнхаа зургаан хувийг энэ татварт хураалгадаг байжээ. XIV зууны үед Англид нэгэн хааны зарлигаар "Амьдралын татвар" гэгчийг хураадаг байв. Гэвч энэ нь төд удалгүй ард түмний эсэргүүцэлтэй тулгарч, ингэснээр нэн даруй цуцлахаас аргагүй болж байжээ. 1783 онд мөн Лондоны оршин суугчид "Бүрх малгайн" гэгдэх татвар төлдөг. Энэ нь хоёр фунт байжээ. Харин хөдөө, орон нутгийн иргэд энэ татвараар таван шиллинг төлдөг байсан байна. Манай эриний нэгдүгээр зуунд Ромын эзэн хаан Веспасиан "Жорлонгийн татвар" гээчийг санаачилж байжээ. Үүнээс хачин этгээд "Сүүдрийн" гэх татварыг Италийн Венецид төлж эхэлсэн байна. Хотын өмч дээр сүүдэр тусгасан сүүдрэвч болон барилгын саравчнаас энэхүү татварыг авдаг аж. Яг энэ шиг эртний Византийн их эзэнт гүрэнд барилга барьж буй хүн барилгынхаа давхар нэмэх тусам өгөх татвар нь өсдөг байв. Үүнийг "Агаарын татвар" гэж нэрлэдэг байжээ. Америкт хар тамхи худалдаалж, түүнээс хууль бусаар орлого олсон хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсээс "Internal Revenue service" гэдэг хуулийн байгууллага татвар авдаг байна. Тэгвэл Канадад "Гадаад иргэдийн" гэдэг татварыг авдаг байна. Ганц Канад ч бус, дийлэнх барууны хөгжилтэй орнуудад энэ татвар үйлчилдэг. Тухайн оронд гаднын цагаачлал ихэсч, шилжин суурьшигсад олноор төвлөрөх болсонтой холбоотойгоор уг татварыг авдаг байна. Жишээ нь, хятадууд дэлхийн улс бүрд цагаачлан амьдрах болсноор ийм татвар хураадаг болжээ. Канадад олон арван жил хүчинтэй байсан энэ татвар хятадуудыг тус улсын хилийг давахыг хориглосноос хойш цуцлагдсан байна. Хачин жигтэй татварын хамгийн сүүлийн жишээг Чех улсын хууль тогтоогчид санаачилжээ. Тэд биеэ үнэлэгчдээс татвар авахаар болоод байгаа юм.
Эх сурвалж: Амралтын шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )