Елена Исинбаева: Энэ удаа би өрсөлдөгч нартаа биш, өөрийнхөө сэтгэл зүйд ялагдлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 07

БНСУ-ын Дэгү хотод болж өндөрлөсөн хөнгөн атлетикийн 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд азгүйтэж бүдэрсэн, тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг эзэмшигч ОХУ-ын тамирчин Елена Исинбаева Хятадын ССТV5-д ярилцлага өгчээ. Хятадын телевиз энэ удаагийн ДАШТ-ийг албан ёсоор шууд дамжуулсан зургаан телевизийн нэг юм. Тэд энэ удаагийн ДАШТ-д амжилт муутай оролцсон Исинбаеваг шууд нэвтрүүлгийнхээ онцлох зочин болгожээ. Ингээд түүний ССТV5-д өгсөн ярилцлагыг хүргэе.

-Берлиний ДАШТ-ээс хойш багагүй хугацаанд нам гүм байлаа. Хамгийн сүүлд тантай хоёр жилийн өмнө Берлинд уулзсан?

-Дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн хугацаанд бэртлээс болоод тийм ч олон тэмцээнд оролцож чадсангүй. Гэмтэл бэртлээ эмчлүүлсээр байтал цаг хугацаа их хурдан өнгөрлөө.

-Энэ жилийн хувьд бэлтгэл хэр байв?

-Ер нь бол сайн байсан.

-Тэгвэл саяхан та хүссэн амжилтаа гаргаж чадалгүй бүдэрлээ. Ердөө л зургадугаар байр шүү?

-Тийм ээ. Би санасан амжилтаа гаргаж чадсангүй. Боломж байсан ч бага зэрэг аз дутлаа. Яагаад ч сэтгэл санаагаа нэг зүйл дээр төвлөрүүлж чадахгүй байгаагаа би анзаарсан. Тийм болохоор энэ нь миний амжилтад шууд нөлөөлсөн байх. Би тэгж л хэлэх байна.

-Их л догдолж байгаа харагдсан?

-Магадгүй юм. Энэ удаа би өрсөлдөгч нартаа биш, өөрийнхөө сэтгэл зүйд ялагдлаа гэж бодож байна. Надад хэзээд боломж байдаг. Тэгээд ч Азийн орнууд надад маш ээлтэй. Би өөрийнхөө гол амжилтуудыг Азид л гаргасан шүү дээ.

-Нээрээ тийм юм байна. Токиод түрүүлж, Бээжинд дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн шүү дээ?

-Тэгэлгүй яах вэ. Токиод алтан медаль хүртэхэд би маш их баяртай байсан. Анх 2005 онд дэлхийн аварга цолыг хүртсэн. Гэхдээ 2007 оных нь надад илүү аз жаргал бэлэглэсэн. Гэтэл үүнээс ердөө ганцхан жилийн дараа олимпийн наадмаас хоёр дахь удаагаа алтан медаль зүүсэн.  Ингэхдээ бүр дэлхийн дээд амжилтыг шинэчлээд шүү. Тийм болохоор л би Азид болж байгаа тэмцээн уралдаанд оролцох дуртай байдаг юм.

-Хоёр дэлхийн аваргад дараалан бүдэрлээ. Юу бодогдож байна вэ?

-Бодох зүйл үнэхээр алга. Би энэ жил азгүй байлаа. Бас өөртөө жаахан итгэлгүй байсан. Тэгээд л амжилт үзүүлсэнгүй.

-Зургадугаар байр?

-За яах вэ. Нэг их удаан үргэлжлэхгүй байх. Лондоны олимпод би алдаагаа засч оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Лондоны олимпоос наана тэмцээн уралдаанд оролцох уу?

-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ бараг үгүй байх гэж бодож байна. Миний хувьд тэмцээн уралдаанд тогтмол оролцох нь чухал биш. Хамгийн гол нь ганцаарчилсан бэлтгэл.

-Тантай хамт өрсөлдсөн  бусад тамирчдын тухай юу хэлэх вэ?

-Маш өндөр төвшинд бэлтгэгдсэн тамирчид ирсэн гэдгийг хэлэх байна. Үнэхээр өрсөлдөхүйц чадвартай бүсгүйчүүд олноор гарч ирлээ. Би хувьдаа ийм өрсөлдөөн дунд багтсандаа баяртай байгаа

-Бээжингийн олимпод аваргалж байхдаа дахиад заавал ирнэ гэж амласан. Амлалтаа хэзээ биелүүлэх вэ?

-Би одоо хүртэл амлалтаа мартаагүй байгаа. Олимпоос өмнө заавал очно. Гэхдээ яг нарийн хугацаа тогтоож чадахгүй нь, уучлаарай. Ямар ч байсан Хятадын ард түмэнтэй цагийг сайхан өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

-2003 онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн байх аа?

-Тийм ээ. Тэгэхэд би 21 настай байсан. Тулгууртай харайлтын спортоор хичээллээд зургаан жил өнгөрч байсан. Хүмүүс намайг богино хугацаанд

ийм өндөр амжилт үзүүллээ гэж гайхаад л. Хүрэл медаль хүртээд гэртээ харихад Орос эх орон маань намайг болон манай багийнхныг гайхалтай сайхан угтаж авсан. Тэр үеийг би хэзээ мартдаггүй. Тухайн үөийн дурсгалын зургууд ч одоо хүртэл бий. Харин би зургаан жил гэдэг маш их хугацаа гэж бодсон шүү. Хожим нь бага багаар туршлагажаад цаг хугацааны асуудлыг мэдэх болсон.

-Та маш нээлттэй юмаа?

-Тийм биш ээ. Үнэнийг хэлэхэд би 2009 оноос хойш анх удаа сэтгүүлчдэд ийм дэлгэрэнгүй ярилцлага өгч байна. Гэхдээ бидний ярилцлага ингээд дуусвал би маш их баяртай байх болно. Намайг танай оронд очиход илүү дэлгэрэнгүй ярилцлага авч болно шүү дээ.

-Таны хүссэнээр болъё?

-Баярлалаа. Спортод хайртай хүн бүрт аз жаргал хүсье. Бурхан та нарыг ивээх болтугай.

Эх сурвалж: Амралтын шуудан сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top