Як-42-ын сүйрэл Монголчуудад ямар сургамж үлдээх вэ

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 09

 Бидний мөнхийн хөрш Оросын ард түмэнд хүнд гарз учирчээ. Як-42 нисэх онгоц Ярославын нисэх буудлын орчимд осолдож 43 хүний амь үрэгдэв. Тэдний дунд Оросын гурван удаагийн аварга, “Локомотив” багийн шилдэг 27 хоккейчин байлаа. Тэд энэ улирлын эхний тоглолтоо хийхээр Беларус руу нисч явсан байна. “Локомотив” клуб нь тамирчдаа арав гаруй улс орны шилдэгүүдээс бүрдүүлдэг онцлогтой. Ослоор хоккейчин Александр Гамилов, онгоцны механикч Александр Сизов нар амьд үлджээ. Гэвч Гамилов нь 90 хувийн түлэгдэлттэй, Сизов хүнд гэмтэлтэй тул биеийн байдал нь тун муу байна. Амь үрэгдэгсдийн дотор үндэсний хоккейн лигийн шилдэг тамирчин, довтлогч Павол Демитра, хамгаалагч Руслан Салей, Жозеф Васицек, Карел Рачунек нар байв. Мөн Чех, Словак, Швед, Латви, Беларус зэрэг орны есөн тамирчин явсан гэнэ. Тэд цөм локомотивчууд байлаа.  

            Тамирчдын сууж явсан онгоц Москвагаас 250 км зайд өндөр авч чадалгүй явсаар Ижил мөрнөөс эх авдаг Туношна голд унажээ. Ослын газар 150 аврагч, найман хөлөг онгоц, 30 шувбагч, арван сэтгэл зүйч ажиллаж байна. Ер нь Оросын онгоцууд сүүлийн жилүүдэд цөөнгүй осолджээ. Як-42 нь ашиглалтын нормоо дуусгах дөхөж байсан гэнэ. Нэг үгээр хэлбэл нисэх нас нь гүйцэж байжээ. Польшийн Ерөнхийлөгч асан Лех Качиньски өнгөрсөн оны 4 дүгээр сард Орост үйлдвэрлэсэн Туполёв-154 онгоцны ослоор нас барсан юм. Уг онгоц ашиглалтанд ороод 20 гаруй жил болсон байв.

            Монголд ч Оросын олон онгоц сүйрч байв. Онцгой  байдлын ерөнхий газрын аврагч гал сөнөөгчдийн сууж явсан нисдэг тэрэг хэрхэн осолдсоныг хүмүүс сайн санаж байгаа. Уг нисдэг тэрэг нь сайд асан С.Отгонбаярын  Оросоос шахааны бизнесээр оруулж ирсэн хуучин онгоц байсан юм. С.Отгонбаяр үүнийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэвч тэр одоо болтол энэ талаар “Миний алдаа бас хүмүүсийн үхэлд нөлөөлсөн байх аа” гээд хэлчихэж чадахгүй явна. Өөрөөр хэлбэл тэр шударга байж чадаагүй, чадах ч үгүй хүн юм шиг байна лээ. УИХ-ын гишүүн асан Ш.Отгонбилэг агсаныг бид мартах учиргүй. Түүний үхлийн шалтгаан Орост үйлдвэрлэсэн нисдэг тэргэнд байсан уу, өөр зүйлд үү. Монголын Зэвсэгт хүчний олон сайхан нисгэгчид Миг-21 онгоцны ослоор хорвоог орхин одсон. Налайх дахь цэргийн нисэх хүчний сор болсон залуус одоо байхгүй. Тэдгээрийн шалтгааныг эцсийн эцэст амь үрэгдсэн нисэгчдийн буруу хэмээн тодорхойлоод орхисон юм.

            Оросууд энэ удаагийн осолд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн гашуудал зарлаж байна. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оросын Ерөнхийлөгч В.Медведевт Монголын нийт ард түмнийхээ өмнөөс гүн эмгэнэл илэрхийллээ. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд Оросын төр засгаас 2,5 мая ам.долларын нөхөн төлбөр олгохоор болов. Энэ бүхнээс харахад манайх ихэвчлэн Оросын хуучин онгоцуудыг хэрэглэж байгаа тул ашиглалт, засвар үйлчилгээг чанаржуулахад илүү анхаарах хэрэгтэйг сануулж байна. Бусдын алдаанаас суралцах нь ухаантайн шинж гэдэг.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top