Британийн лалуудын дунд олон эхнэр авах моод дэлгэрэв

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 01

Их Британийн лал нийгэмд полигам буюу олон эхнэртэй байх явдал эрчимтэй өсч байна.

Тэр тусмаа залуучуудын дунд ийм хандлага ихээхэн моодонд орсныг "ВВС"-гээс явуулсан судалгааны дүн харуулав. Дэлхий даяарх лал шашинтнуудад хуулийн болон сэтгэл зүйн тусламж, зөвлөгөө өгдөг олон улсын Шариатын Лалын зөвлөл байгууллагаас цуглуулсан баримт мэдээлэл дээрх хандлагыг баталж байгаа юм.

Их Британийн оршин суугчид хэд хэдэн эхнэртэй байх талаар зөвлөгөө, тусламж авахаар тус байгууллагад хандах болсон нь эрс нэмэгдсэн ажээ. Олон эхнэртэй байх нь Их Британид төдийгүй Европ даяар хориотой байдаг. Гэвч Коран судар лал шашинтнуудыг дөрөв хүртэл эхнэртэй байхыг зөвшөөрдөг билээ. Британийн олон оршин суугчид зөвхөн шашны уламжлалаа Дагаж дараагийн эхнэрээ авдаггүй.

Лал шашинтны удаах эхнэр болж байгаа эмэгтэйчүүдийг иргэний хуулиар хүлээн зөвшөөрдөггүй ч тэднийг лал нийгэм хүлээн зөвшөөрдөг юм. Шариатын Лалын зөвлөлийн ажилтан Кола Хасан "Британийн залуу үеийнхний дунд олон эхнэртэй байх явдал нэмэгдэж байгаа нь итгэл үнэмшил гэхээсээ илүүтэй радикал байр суурь юм. Энэ нь хууль бус гэдгийг мэдэж байгаа ч, тэд системийн эсрэг явах нь ямар хамаа байна" хэмээн ярилаа.

"Эхний гэрлэлтийн бүтэлгүйтэл"-ийн талаар Хасан санаа бодлоо хэлж байна. "Өрнөдөд эхний гэрлэлт бүтэлгүйтвэл иргэний хуулиар, эсвэл зүгээр л салчихдаг. Тэд дахиад л гэрлэдэг. Харин лалууд үүний оронд эхний эхнэрээ, тэр тусмаа дундаасаа хүүхэдтэй болчихоод хаях нь шударга бус гэж үздэг юм. Тэгээд үүний гарц болгож эхнийхээ орхилгүй хоёр дахь эхнэрээ авах хамгийн зөв шийдвэр гэж үздэг" хэмээн онцоллоо.

Мөн олон эхнэртэй байх гурав дахь шалтгаан Британийн пакистан гаралтай залуусын дунд бий ажээ. Пакистанд эцэг эх нь үлдсэн олон залуус Их Британид ажиллаж амьдардаг. Тэд эцэг эхээ асруулахын тулд Пакистанд заавал эхнэр авах хэрэгтэй болдог. "Пакистан гаралтай залуус эх орондоо очихоороо нэг эхнэртэй байдаг. Британид буцаж ирэхээр тэнд бас нэг эхнэр нь байдаг" хэмээн Хасан "ВВС"-д ярилаа.

Их Британид лал шашинтнуудын удаах эхнэр болж байгаа эмэгтэйчүүд хууль ёсны ямар ч хамгаалалтгүй гэдгээ мэддэг ч үүнийг үл тоосоор байдаг нь полигам дэлгэрэхэд бас нэг "ташуур өгч" байгаа ажээ.

"Өөр мэдээ" сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top