Өнгөрсөн гуравдугаар сард болсон аймшигт газар хөдлөлт, цунамийн үеэр Японд нэгэн ээж үрийнхээ төлөө өөрийгөө золиолсон нэгэн түүхийг хүргэе.
Газар хөдлөлтийн дараа аврагчид нэгэн залуу эмэгтэйн байшинд хүрч очжээ. Гэрт орох үедээ аврагчид залуу эмэгтэйн амьгүй болсон биеийг нурангин доороос олж харсан байна. Гэхдээ аль хэдийнэ амьгүй болсон эмэгтэйн бие ямар нэг зүйл рүү тэмүүлсэн мэт харагдаж байлаа. Тэр залбирал үйлдэж байгаа хүн шиг өвдөглөчихсөн, бие нь урагш налчихсан, хоёр гар нь ямар нэг зүйлийг хамгаалж байгаа юм шиг харагдаж байв. Газар хөдлөлтийн улмаас байшин нурахдаа эмэгтэйн нуруу, толгойн хэсэгт хүнд гэмтэл учруулсан нь үхлийн шалтгаан болсон нь илт байв. Аврагчдын багийнхан нэлээд зүтгэж байж эмэгтэйн биед хүрч болохуйц жижигхэн нүх гарган нарийхан нүхээр гараа сунган биед нь хүрчээ. Тэд эмэгтэйг амьд байж магадгүй гэсэн найдлага горьдлогыг тээсэн хэвээр байсан ч түүний хөрч хөшсөн бие бүх горьдлогыг талаар болгов. Нэгэнт түүнийг амь үрэгдсэнийг мэдсэн багийнхан байшинг орхиж дараагийн байшин дахь хүмүүсийг амьд эсэхийг шалгахаар яарлаа. Дараачийн байшин руу явж байх замд аврах багийн ахлагчийн сэтгэл яагаад ч юм өмнөх байшин руу татагдаад байв. Тэр яагаад гэдгийг мэдэхгүй ч дахин өмнөх байшинд очиж сайтар шалгахыг хүсч байлаа. Аврах багийн ахлагч эргэж очоод эмэгтэйн цогцосны хажуугаар нарийхан зай байгааг гараараа тэмтэрч үзсэн бөгөөд цогцосны доод хэсэгт эрэл хийжээ. Гэнэт ахлагч баяр хөөртэйгээр “Хүүхэд! Энд хүүхэд байна” хэмээн хашгирлаа. Аврах багийнхан нас барсан эмэгтэйн эргэн тойрон дахь эвдэрч хэмхэрсэн нурангийг зайлуулав. Эмэгтэй цэцгэн өлгийнд ороосон 3 сартай бяцхан үрээ хамгаалахын тулд өөрийн биеийг хамгаалах хэрэгсэл болгон золиосолсон байв. Тэрээр үрээ хамгаалахын тулд гайхалтай эр зориг гаргасан нь илт. Жаалхүү аврах ажиллагааг дуусах хүртэл юу ч болоогүй мэт тайван унтаж байжээ. Хүүгийн ээж бяцхан үрдээ бүхнийг эвтэйхэн бас тайван, амгалан байхаар зохицуулж өөрийнхөө биеэр хучсан байсан учраас хүү ямар ч гэмтэл аваагүй байлаа. Эмч нар ч үзлэг хийхээр тун удалгүй ирцгээсэн байна. Тэд ирээд хүүгийн өлгийг задлах үед нэгэн гар утас олжээ. Утасны нь дэлгэцэн дээр бичсэн мессеж тодоос тод дурайж байв. “Өөдөсхөн үр минь чи амьд гардаг л юм бол ижийгээ чамд хайртай байсан гэдгийг үргэлж санаж яваарай” гэж бичсэн байлаа. Гар утсыг байшингийн ойролцоо байсан хүмүүс бүгд гар дамжуулан уншиж, нулимсаа арчин зогсоно. Үрийнхээ төлөө өөрийнхөө амийг хэзээ ч хайрлахгүй эх хүний сэтгэл гэдэг л энэ байх даа. Өөр ямар ч агуу хүч эхийн хайрыг гүйцэхгүй биз дээ.
Сэтгэгдэл ( 0 )