Туркт болсон газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн амиа алджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 24

Өчигдөр  Туркийн Ван мужид 13:41 минутанд болсон  7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас байшин барилгын нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа ид үргэлжилж байна. Газар хөдлөлтийн улмаас 1000 гаруй хүн амиа алджээ. Гэмтэж бэртсэн хүний тоо 1000 хол даваад байна. Орон гэргүй болсон хэдэн  арван мянган оршин суугчид өчигдөр гадаа гудамжинд хоносон аж. 6.0-7.2 магнитудын хүчтэй гурван удаагийн хүчтэй газар хөдлөлтийн дараа асар хүчтэй газрын түрэлт үүссэн байна. Байшин барилгын нурангид дарагдсан хүмүүсийг гаргах ажилд зэргэлдээх суурингийн оршин суугчид гар бие оролцож байгаа гэнэ. Туркийн Ерөнхий сайд Режеп Таип Эрдоган газар хөдлөлт болсон Вэн, Эркис хотод нисдэг тэргээр очсон байна. Ван хотод 10 гаруй барилга байшин нурсан бол хотоос  60 км зайд орших хотод 80 гаруй барилга байшин, оюутны дотуур байр нурсан байна.  Ван хотын дарга гэмтэж бэртсэн оршин суугчдад эмнэлгийн яаралтай түргэн тусламж шаардлагатай байна гэж  мэдэгджээ. Оршин суугчид, цэргийнхэн болон аврах багийн ажилтнууд бүгд нурангин доороос хүмүүсийг гаргахад оролцож  аврах ажиллагаа  өчигдөр шөнийн турш үргэлжилсэн бөгөөд амьд үлдэгсдийг гаргахаар хүмүүс чийдэн барьж, улаан гараараа барилгын нурангийг малтаж байна. Дахин газар хөдөлж магадгүй гэдэг айдсаас хүмүүс салж чадаагүй байгаа ажээ.
 Тус улсад 1999 онд 7 магнитудын хүчтэй хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас 20,000 хүн амиа алдаж байсан  юм байна.

Б.Гарьд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top