Муаммар Каддафийг төрсөн нутагт нь оршууллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 25

Энэ сарын 20-нд Ливийн Сирт хотод  тэнэсэн суманд өртөн нас барсан Муаммар Каддафийн цогцсыг  өчигдөр хүртэл  Мисурата хотын нэгэн дэлгүүрийн хөлдөөгчид хадгалж байсан билээ.  Түүний цогцсыг гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдөр Сирт хотын ойролцоох элсэн цөлд оршуулсан байна.  Одоогоор  М.Каддафийг оршуулсан газрыг нууцалж байгаа. Учир нь түүнийг дэмжиж байсан хүмүүс хурандаагийн булшийг мөргөлийн газар болгох магадлалтай. Нөгөө талаар М.Каддафийг үзэн ядагчид түүний булшийг ухаж сэндийчих сөрөг талтай болохоор хөдөөлүүлсэн газрыг хэсэг хугацаанд нууцлахаар болжээ.  

Ливийн удирдагч асан  М.Каддафийг  лалын шашны заншлаар оршуулсан ч  зарим нэг зан үйлд зөрчигдсөн байна.  Тодруулбал  лалын шашны заншлаар талийгаачийг нас барснаас нь хойш нэг хоногийн дотор оршуулдаг аж. Гэтэл хүний эрхийг хамгаалах байгууллагууд түүний цогцост задлан шинжилгээ хийж үхлийн шалтгааныг тодруулахыг шаардаж байгаа зэрэг олон шалтгаанаар оршуулах ёслол хойшлогдсоор ийнхүү өнөөдөр оршуулж байгаа юм.

Түүнийг эзгүйд тус улсыг удирдаж байсан хүү Мутассимаг мөн эзгүй цөлд оршуулах ажээ.  Харин хаана, хэзээ оршуулах нь одоогоор тодорхойгүй байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top