УИХ-ын гишүүд 32-ын тойрогт ширээтэйгээ ирж хуралдаасай

Автор | Zindaa.mn
2011 оны 03 сарын 31


Өвлийн тэсгим хүйтэн ард үлдэж хаврын урь  орохоор  манайхан утааны талаар ярих нь эрс багаслаа. Гэтэл  энэ жилийн утаа дараа жил 30 хувь нэмэгдэнэ гэсэн эрдэмтдийн судалгаа гарчээ. Тэгэхээр гамшиг гэж аядуухан тодорхойлоод байгаа хотын утаа сүйрлийн хамгийн сүүлчийн цэгтээ тулна гэсэн үг. Тиймээс дараа жилийн утаатай яг өнөөдрөөс тэмцэж, энэ хэдэн дарга нарыг шахах хэрэгтэй байна. Зун болохоор бид утаагаа мартагнана. Цаад хэдэн дарга нар чинь найр наадам, морь мал гээд алга болно. Тэгэхээр зуны цэлмэг нартай налгар сайхан өдөр гэр хорооллын иргэд маань тайван жагсаал хийж утаатай тэмцэх бодит хөдөлгөөн өрнүүлмээр байна. Хотын болон улсын төсвийн нэлээдгүй хэсгийг утаанд зориулмаар байна. Дарга болгоны үүдэнд хэсэг хэсгээрээ сууж утаа үхэл дагуулаад  айсуйг өдөр бүр, цаг минут тутамд сануулмаар байна. Тэр зам харгуй яах вэ, наана чинь утаа. Замаа харахгүй утаанд дунд байж, тэр их мөнгийг газар цацаж яах гэсэн юм. Манай сайт хотын утааны мөнхийн дайсан байх болно. Бид энэ талаар цаг минут бүр бичье, иргэд та бүхэн биднийг дэмжээч гэж хүсэмжилье. Хамтдаа утаатай дайтацгаая. Энэ удаад 32-ын тойрог орчимд оршин суугч иргэдийн үгийг сонслоо.
Чингэлтэй дүүргийн 19-р хорооны иргэн Ш.Ариунболд:

Хотыг бүрмөсөн барилгажуулсан цагт л утаагүй болно
-Ер нь маш хэцүү байна. Хотыг бүрмөсөн барилгажуулж байж л утаанаасаа сална. Утаагүй түлш, дулаан хуулга, цахилгаан халаагуур төслүүдийг сайн хэрэгжүүлж л утаа багасна гэж боддог. УИХ-ын гишүүдийг ширээ сандалтайгаа ирж, энэ 32-ын тойрог дээр нэг өдөр ч болов хуралдаж, утааг бодитоор мэдрээсэй гэж их хүсдэг. Худлаа үнэн ярьж байснаас тэр нь шулуухан шүү дээ.
СБДүүрэг  13-р хорооны иргэн  Ц.Чимгээ: УИХ-ын гишүүд жирийн бидний зовлонг ойлгохгүй шүү дээ
-32-ын тойрогт хотын утаа хамгийн их төвлөрдөг. Маш хэцүү. Нялх үрс, хүүхдүүд энэ утаанаас болж өвчинд нэрвэгдэх явдал өндөр байна. Утаагүй түлш ерөөсөө ямар ч ашигггүй. Улаанбаатар хотын утааг 100 хувь багасгая гэвэл гэр хорооллыг нүүлгэн шилжүүлж байж л хот утаанаас сална. Тэд өөрсдөө утаанаас ангид  дулаахан байшинд суудаг хүмүүс, жирийн ард түмний зовлонг тэр болгон ойлгохгүй шүү дээ.
СБДүүрэг 13-р хорооны иргэн Л.Амаргэрэл: Дээгүүрээ мөнгө угаагаад иргэд хохирч байна
-Орой үдэш арай дэндүү байна. Бараг амьсгалах ч хүртэл төвөгтэй. Хамгийн сайн гарц бол хотыг бүхэлд нь барилгажуулах хэрэгтэй. Утаагүй түлш, халаагуур гэж мянга хэрэгжүүлээд ч энэ утаа багасахгүй. Хэдэн улсууд мөнгө л угаагаад баяжаад,  жирийн ард иргэд бид хохирсоор л байна шүү дээ. УИХ-ын гишүүдийг ширээ сандалтай нь энд авчирч, нэг ч өдөр болов утаанд хахаж цацуулан байж суулгавал тэд эрх биш нэг зүйл бодох биз.
СБД,  12-р хорооны иргэн  Б.Эрдэм: Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ
-УИХ-ын гишүүд, төрийн түшээд нарыг энд авчирч шууд нүүрсхүчлийн хийгээр амьсгалуулах хэрэгтэй. Өнөөдөр тэд бидний зовлонг мэдэхгүй байна. Янз бүрийн төсөл хэрэгжиж байгаа боловч ямар ч үр дүнд хүрэхгүй байна шүү дээ.  “MCS”-ийн газрын төслийг би их дэмжиж байгаа боловч ойрын жилдээ хэрэгжихгүй байх аа. Өөрсдөө Зайсанд утаагүй газар амьдардаг манай УИХ-ын гишүүд энд ирвэл шууд л өвчин тусах байх даа. Даанч  тэд ирэхгүй биз дээ.

Д.Жаргалсайхан Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top