Зүрхний өвчнөөс сэргийлэх

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 27

Зүрх судасны өвчинд эрэгтэйчүүд илүүтэй өртөмтгий гэлцдэг. Энэ яриа нь оргүй хоосон гарч ирчихээгүй, олон тооны судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгосны дараа гарч ирсэн гэдгийг онцлох хэрэгтэй

 

Хүйсийн онцлог

Энэ бүх судалгаагаар эмэгтэйчүүд нь залуудаа, цаашилбал цэвэрших хүртлээ зүрхний үйл ажиллагаатай холбоотой элдэв асуудалд орохооргүй байдлаар байгалиас зохицуулагдсан болохыг нотолсон байсан юм.

Энэ нь эм бэлгийн даавар, эмэгтэй хүний биеийн онцлогтой холбоотой юм. Жишээлэхэд, хүний биед бүх л амьдралынх нь туршид тосны гаралтай бөөгнөрлүүд гэхэд л эмэгтэйчүүдийн биед илүүтэй “жигд” тархаж байдагтай холбоотойгоор “цус харвах” гэх мэтийн зүрх судасны эмгэг тусах нь бага гэх мэт.

Гэтэл эрэгтэйчүүдийн хувьд ийм  бөөгнөрөл нь нэг газраа төвлөрөх хандлагатай байдаг болохоор “цус харвах”, зүрхний шигдээс зэрэг өвчнөөр 50 өмнөх насандаа өвдөх эрсдэл өндөртэй байдаг. Энэ нь эр бэлгийн дааврын ажиллагаатай холбоотой болохоор халзрах нь зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл их байгаагийн шинж гэж үздэг. Учир нь эр бэлгийн дааврын агуулга өндөр байх тусам толгойн үс эрт халзарч, зүрхний шигдээс гэх мэтийн эмгэг тусах эрсдэл өндөр байгаагийн шинж болдог. Ингэлээ гээд эмэгтэйчүүдийн цээж, зүрхний орчим өвдөх тохиолдолд хөнгөн хуудам хандаж хэрхэвч болохгүй. Тэр ч бүү хэл эмэгтэйчүүд нь цэвэршилтээс өмнө зүрхний эмгэгтэй холбоотой асуудалд ордоггүй ч зүрхний эмгэгээр өвдсөн тохиолдолд эрэгтэйчүүдийн 60% нь эсэнд мэнд “мултарч” байхад, эмэгтэйчүүдийн 40% нь л гайгүй гарч, хөдөлмөрийн чадвараа тодорхой хэмжээгээр алддаг байна. Энэ мэтээр зүрхний өвчин янз бүрээр тусдаг нь хүйсийн ямар ялгаан дээр үндэслэж байгааг анагаах ухаан хараахан тогтоож чадаагүй байна. Гэхдээ баттай тогтоогоод байгаа зүйл нь гэвэл эцэг нь 55 наснаас өмнө, эх нь 65 наснаас өмнө зүрхний өвчнөөр өвдөж байсан бол хүүхэд нь зүрхэндээ илүүтэй анхаарал тавих шаардлагатай.

Эрсдлийн хүчин зүйлс

Бие махбодын хөгшрөлтийн процесс хамгийн гол хүчин зүйл байдаг. Хөгшрөх тусам бие нь элэгдэн, судасны хана суларч, холестерин хуримтлагдах гэх мэт үйл явц эрчимтэй явагдаж эхэлдэг.

Артерийн даралт ихсэх нь зүрхний цусан хангамж хомсдох өвчин, тархинд цус харвах, бөөр ба зүрхний дутагдал үүсэхэд нөлөөлдөг үндсэн хүчин зүйл юм. Иймээс 45 нас хүрснээс хойш өөрийнхөө даралтыг хэмжүүлж, зүрхний эмчээс зөвлөгөө авч байх хэрэгтэй.

Тамхи татах нь зүрхний өвчин тусах эрсдлийг гурав дахин ихэсгэнэ. Амьдралынхаа хоёр жилийг тамхи татахгүйгээр өнгөрөөвөл энэ эрсдэл дахин буурна. 10 жил татахгүй бол эрсдэл нь тамхи татдаггүй хүнийх шиг болж буурна.

Бие махбодод илүүдэл өөх хуримтлагдах, ялангуяа бэлхүүс орчмоор хуримтлагдах нь зүрхний өвчин тусах эрсдлийг ихэсгэдэг. Таргалалт нь чихрийн шижин үүсэхэд нөлөөлнө. Харин чихрийн шижин нь зүрхний өвчин үүсэх таатай орчин болж өгдөг.

Цусан дахь холестерины хэмжээг тогтмол үзүүлж, ихэсвэл эмчийн заавраар эм хэрэглэнэ. Зүрхний өвчин тусах эрсдэл өндөртэй бол зун наранд удаан шарахаас зайлсхийх хэрэгтэй.

Дэлхийн соронзон орны хэлбэлзэлтэй өдрүүдэд зүрхэндээ онцгой анхаарч, эмчийн зөвлөгөөний дагуу урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээг авсан байхад илүүдэхгүй. Дэлхийн соронзон орны хүчтэй хэлбэлзэл нь цусны даралтыг огцом өөрчлөх аюултай байдаг.

Янз бүрийн эмийн бэлдмэлийг эмч зөвлөөгүйгээр дур мэдэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Ялангуяа, “Виагра” мэтийн бэлгийн дур хүсэл өдөөгч, жирэмслэлтээс сэргийлэх уудаг эмүүд зэргийг туйлын болгоомжтой хэрэглэх шаардлагатай.

Стресс нь чихэр, чипс мэтийн ашиг тус багатай хоол, ундыг хэт ихээр хэрэглэх, тамхи, архийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг хортой зуршил үүсэхэд нөлөөлдөг. Биеийн тамираар хичээллэх нь стрессийг тайлахад тус болдог ч мөн л хэтрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй.

Эрүүл байсан ч эмчид үзүүлж зөвлөгөө авч байх нь зөв ч гэлээ биеэ хэт чагнан, байнгын сэтгэл санааны дарамттай байх нь ямар ч хортой хүчин зүйлээс дутахааргүй сөрөг нөлөө үзүүлдэг болохыг сэтгэл судлаачид олон тооны судалгаагаар нотолсон байдаг гэдгийг мартаж болохгүй. Иймд тайван, өөртөө итгэлтэй, өөдрөг байх хэрэгтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top