В.Путины нам ялалт байгуулав

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 05


Владимир Путины нам дөрвөн жилийн өмнөх шиг ялалт байгуулж чадаагүй ч Думд олонх хэвээр үлдэнэ. Санал хураалтын дүнгээр бусад гурван нам парламентад суудал эзлэх хангалттай санал авч чадаагүй тул “Нэгдмэл Орос” нам олонх болох нь тодорхой байгаа юм. “Риа Новости” агентлагийн мэдээлснээр Москвад сонгуулийн дүнг эсэргүүцсэн 100 гаруй хүнийг баривчилсан байна. Харин Санкт-Петрбург хотод 70 гаруй эсэргүүцэгчийг баривчлан саатуулсан талаар “Интерфакс” агентлаг мэдээлсэн юм. Сөрөг хүчний цахим хуудас, радио станцууд болон сонгуулийн мониторингийн группууд онлайн дайралтад өртсөн ажээ.  Сонгуулийн бие даасан мониторингийн “Голос” байгууллага шууд утсаар сонгуулийн луйвартай холбоотой 1000 гаруй гомдол хүлээж авснаа мэдэгдсэн байна. Тус  байгууллагын вэбсайт мөн хакеруудын халдлагад өртжээ.

Ирэх жил болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээ мэдэгдсэн В.Путин Барууны холбоотнуудыг сонгуульд нөлөөлж, тус улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохыг оролдож байна гэж шүүмжилж байсан. Тэрбээр сонгууль болохоос өмнө Оросын ард иргэдэд хандан “Зорилготой, бодолтой хүн болгон үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө “Нэгдмэл Орос” намыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн билээ. Гэвч сонгуулийн кампанит ажлын үеэр сөрөг хүчнийхэн “Нэгдмэл Орос” намыг хээл хахууль, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт буруутгасан нь сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байгаа юм. Оросын Дотоод хэргийн сайдад сонгуулийн луйвартай холбоотой хэдэн зуун гомдол, гурван гэмт хэргийн мэдээлэл очсон гэнэ. Сонгуулийн өдөр саналын хуудас тарааж явсан 12 хүнийг Москвагийн цагдаа нар баривчилжээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн есдүгээр сард сонгуулийн явц, үр дүнг урьдаас таамаглаж, бүхнийг найруулан тавьдгийг буруутгаж байлаа. Гэвч үүний дараахан тэрбээр 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд “Нэгдмэл Орос” намаас В.Путины нэрийг дэвшүүлэхээ мэдэгдэж, үүний хариуд ноён Ерөнхий сайд “хэрэв нам нь сонгуульд ялалт байгуулбал Д.Медведевийг Засгийн газрын тэргүүнээр томилох”-оо амласан юм. Тэдний энэ мэдэгдэлд Орост чухам хэн шийдвэр гаргадаг вэ гэх эргэлзээг бүрэн арилгасан гэж болно.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хоёр хугацааг үдсэн В.Путин Үндсэн хуульд “захирагдаж”, 2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн суудлаас буусан. Харин тухайн жил Үндсэн хуулийн заалтад өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон нь В.Путиныг 2012 оны сонгуульд эртнээс бэлтгэж байсныг нотолсон хэрэг болсон юм. Тэрбээр хэрэв ирэх онд болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал 2024 он хүртэл ОХУ-ын №1 хүн байх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top