Эрх танхил мууртай баян хатагтай муураа зулзагануудтайгаа хамт алдаад, муужгай нь эргэн ирэхдээ золбин мууртай хамт ирэхэд сэтгэл нь хөдлөн хамаг хөрөнгөө орон гэргүй амьтдад өвлүүлэн үлдээдэг тухай хүүхэлдэйн киног хүүхдүүд андахгүй. Тэгвэл энэ хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг үйл явдал Италид болжээ.
Италийн Ром хотын Томмазино хэмээх муур 10 сая евро өвлөн авчээ. Томмазиног Мария Ассунта гэх 94 настай эмэгтэй гэртээ авчрахаас өмнө гудамжны золбин муур байсан гэнэ. Мария үр хүүхэд, хамаатан садангүй нэгэн байсан тул 2009 оны 10 дугаар сард Томмазино болон золбин амьтадад бүх өв хөрөнгөө гэрээслэжээ.
Түүний гэрээслэсэн өв хөрөнгөд Ром, Милан дахь байр, Калабри дахь газар, банкны данс зэрэг багтсан байсан гэнэ. Мария Ассунта өнгөрсөн сарын сүүлээр бие баржээ. Түүний амьтдад өвлүүлж үлдээсэн хөрөнгө нь 10 сая еврогоор хэмжигдэж байгаа гэнэ.
Дөрвөн настай Томмазинод үлдээсэн хөрөнгийг сүүлийн хэдэн жилд Марияг асарч байсан Стефания гэх 48 насчан сувилагч бүсгүй захиран зарцуулах юм байна.
Дашрамд сонирхуулахад Томмазиногоос өмнө Блэки хэмээх муур хамгийн баянд тооцогдож байсан юм. Энэ муур 1988 онд Британи эзнээсээ есөн сая фунт стерлинг өвлөн авч байжээ.
Эх сурвалж: Улаанбаатар таймс
Сэтгэгдэл ( 0 )