Нидерландын архитектурын "MVRDV" компани Солонгост барих ихэр цамхгийн загварын өмнөөс 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагад амь үрэгдэгсдийн ар гэрийнхнээс уучлал гуйжээ. Учир нь тус компанийн Сөүл хотын төвд барих хоёр барилга, Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төв ихэр хоёр цамхгийн дэлбэрч байгаа зураглалтай адилхан аж.
Дэлхийд алдартай архитектурын компани зоогийн газар, кафе, фитнесийн танхим, усан сан зэрэг олон үйлчилгээг нэг дор цогцлоох тансаг зэрэглэлийн ихэр барилгын зураг төслийг өнгөрөгч долоо хоногт өөрийн вэб сайтдаа тавьжээ. Энэ талаар олж мэдсэн "Аль-Каида"-гийн халдлагад амь үрэгдсэн нэгэн хохирогчийн ойрын хамаатан АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд есдүгээр сарын 11-ний халдлагыг дүрсэлсэн барилга барих гэж байгаа нь энэ халдлагад амь үрэгдэгсдийг доромжилсон хэрэг гэж хэлжээ. Үүний дараа дээрх халдлагад амь үрэгдэгсдийн зарим төрөл төрөгсөд Солонгос болон Нидерландын Засгийн газарт эсэргүүцлээ илэрхийлэхээр нэгдээд байгаа аж.
Харин АНУ-ын засаг захиргаанаас одоогоор энэ талаар мэдэгдэл хийгээгүй байна. "MVRDV" компанийн удирдлагууд 20 тэрбум ам.долларын өртөгтэй энэ барилгын ажлын зураг төслийг өөрчлөхгүй гэжээ. Түүнчлэн "Хоёр барилгын нэг нь 54, нөгөө нь 60 давхраараа холбогдоно.
Энэ нь бидний хэрэглэдэг "Үүл" загвар болохоос дэлбэрч байгаа дүрслэл биш" гэсэн байна. Тэд барилгын ажлыг 2013 оны нэгдугээр сард эхэлж 2016 онд дуусгахаар төлөвлөжээ. Үүнд уурласан хүмүүс "Бизнесийн ашиг сонирхлын үүднээс Сөүл хотын худалдаа, үйлчилгээний төвлөрсөн Енсан дүүрэгт Дэлхийн худалдааны төвийг дуурайсан барилга барих гэж байна" гэж эсэргүүцлээ илэрхийлжээ.
Эх сурвалж: Монголын үнэн
Сэтгэгдэл ( 0 )