Улс төрч байна гэдэг жирийн нэг шавар зуурагчтай адилгүй. Хэдэн жил манайхан улс төрч, шавар зуурагч хоёрыг төдийлөн ялгахаа больчихсон ч байж магадгүй. Ямартаа л талийгаач О.Дашбалбар “…Бор халзан хонь ч байсан яахав болжээ” гэж шоглож байхав. Улс төрийг хувийн ашиг хонжооны нүдээр харж, хэн ч хамаагүй барьж аваад тоглоод байдаг тоглоом мэтээр ойлгодог хүмүүс олширсон болохоор өнөө цагт төр засгийн үнэ ханш шалдаа бууж байна. Сүүлийн хорь гаруй жил тасралтгүйгээр төр түшилцсэн хэмээн гайхуулж яваа нөхдөөс олигтойхон жогорхой ч гарахаа болив. Идэж ууснаар нь ингэж хэлээд байгаа юм биш. Хөгжил дэвшил гэдэг лут юмны өнцгөөс тэднийг хараад чамлахаас аргагүй тул ийн үглэхээс яахав. Улс төрд “мөнхөрсөн” тэдгээр хүмүүсийн нэг нь Д.Лүндээжанцан мөнөөс мөн. УИХ-ын гишүүний суудалд зоолттой явсаар өдий хүржээ. Юу бүтээж, ард түмэндээ ямар сайн сайхныг авчрав гээд эргэцүүлээд үзэхээр мань хүнд гялайж цэлийх юм тун бага байна. Гай ч тарьдаггүй, гавъяа ч байгуулдаггүй. Үндсэн хуулиа 2000 оны улс төрийн шуурганаас хамгаалж тэр чадаагүй. Үүнийх нь уршгаар УИХ-аасаа илүү том эрх дархтай юм шиг Засгийн газрын танхимтай болсон. Намын дарга нь Ерөнхий сайд байх, УИХ-ын гишүүн нь сайд байж болдог ийм өөрчлөлтийг Лундээжанцан тийм сайн хуульч л юм бол тухайн үед зад эсэргүүцээд хаяж болох байлаа. Гэтэл тэгээгүй. Хэнд ч хал балгүй байх гэсэн түүний дотор санаа энэ юм байлгүй. Тэгсэн чинь одоо болохоор Үндсэн хуулийн дээрх мугуйд өөрчлөлтийг дахиад засч хуучин төрхөнд нь оруулах, энэ хуулийг бүхэлд нь засч сайжруулах тухай том яриад цээжээ цөмөртөл зохих нь холгүй явна, өнөөх чинь. Үндсэн хууль, сонгуулийн хууль болон бусад олон хууль үнэндээ холион бантан болчихсоныг тэр сая л ойлгох аядаж байгаа бололтой. УИХ-ын дэд дарга тэрээр “Адгийн муу жижигхэн Фижи улс ч хоёр танхимтай парламенттай, Бөөс хүртэл бөөр, зүрхтэй гэдэг шиг” гэж мэдэмхийрэв. Фижи улс жижиг нь ч жижиг л дээ. Монгол маань улс төрийн тогтолцоо, дээр байгаа Лүндээтэнгүүдээс болоод Фижигээс жижигхэн мэт төсөөлөгдөж байж магадгүй. Тусгаар улсыг хүндлэх нь адгийн нэг Доржийн хувьд ч журамт үүрэг. Тиймээс Лүндээжанцан бүхэл бүтэн тусгаар тогтносон улс орныг бага жижиг, бөөс хувалз гэж доромжлох эрхгүй. Улс төр, дипломат ёсны наад захын соёлгүй, иймхэн хэмжээнд сэтгэж ярьдаг эрхэм цаашаа хэдэн жил төрд суух бол гэж бодохоор Матрын нүднээс өөрийн эрхгүй нулимс дусалж байна.
Я.Ымербэк
Сэтгэгдэл ( 0 )