Бекхэм Францыг, Дрогба Хятадыг зорих уу

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 15

Францын хөлбөмбөгийн Пари Сен-Жермен клубын төлөөлөгчид Дэвид Бекхэмийг удахгүй тус клубт шилжин ажиллана гэж мэдээллээ. Учир нь клубын захиргаанаас нэрт тамирчинтай хийж буй хэлэлцээр 95 хувийн амжилттай яваа аж. Пари Сен-Жермен клубын хувьцааны 70 хувийг катарын супер баячууд эзэмшдэг бөгөөд Европын хамгийн хүчтэй клуб болгохыг эрмэлзэж байгаа юм. Францын “L”Equipe” хэмээх спортын сонинд дурдсанаар, дээрх хэлэлцээр биеллээ олвол Бекхэм 18 сарын хугацаатай гэрээг байгуулж, 12 сая орчим фунтын цалин авах ажээ.

 

Хөлбөмбөгийн бас нэг тод од Кот-д’Ивуар улсын шигшээ багийн ахлагч, Английн "Челси” клубын довтлогч 33 настай Дидье Дрогба Хятадын хөлбөмбөгийн клубт шилжиж магадгүй гэсэн мэдээлэл Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд цацагдаж эхэллээ. Дрогбагийн “Челси”-тэй байгуулсан гэрээ нь ирэх оны зургаадугаар сард дуусгавар болно. Гэрээгээ сунгах гэтэл нэгдсэн тохиролцоонд хүрч чадахгүй байгаа аж. Дрогба “Челси”-тэй хоёр жилийн гэрээ байгуулахыг хүсчээ. Харин тус клуб нэг жилийн хугацаатай гэрээ байгуулах болзол тавиад байгаа аж. Өнөөдрийн байдлаар, Хятадын хэд хэдэн клуб Дрогбатай болон түүний бие төлөөлөгчтэй холбоо барьж холбогдох саналуудыг тавиад байгаа юм байна.

 

Эх сурвалж: Улаанбаатар таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top