Гамбийн Ерөнхийлөгч насан туршдаа төр барих гэнэ

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 16

Гамбийн Ерөнхийлөгч Яйя Жамме хамгийн ер бусын дээд амжилт тогтоохоор шийджээ. Тэрбээр хэрвээ бурхан таалваас «тэрбум жилээр» төр барина гэж тангарагласан байна. Яйя Жамме саяхан болсон сонгуульд заль мэх хэрэглэн, айлган сүрдүүлэх замаар ялсан гэж өөрийг нь буруутгаж байгаа хүмүүст хандан «чөтгөр рүүгээ тонил» хэмээн хэлжээ.

Гамбид өнгөрсөн сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өдгөө 46 настай Жамме сонгогчдын 72 хувийн санал авч дахин сонгогдсон байна. Харин сөрөг хүчнээс нэр дэвшигч Усейн Дарбо 17, Хамат Ба 11 хувийн санал авчээ.

Баруун Африкийн орнуудийн Бүс нутгийн эдийн засгийн хамтын нийгэмлэг тус улсын сонгуулийн явцыг ажиглах ажиглагчдаа илгээхээс татгалзсан байна. Яагаад гэвэл сонгогчид нь «залхаан цээрлүүлэлтээс айдаг» учраас сонгууль нь тэртээ тэргүй чөлөөтэй, шударга болохгүй гэж уг нийгэмлэг үзэж байгаа ажээ.

Жамме шүүхэд шилжсэн Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак болон амиа алдсан Ливийн удирдагч Муамар Каддафийн хувь тавиланг давтахаас айхгүй байгаа гэнэ. «Миний хувь тавилан агуу Аллахын гарт байгаа. Би Гамбийн ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Хэрвээ энэ улсыг сая жилээр удирдах шаардлага гарвал би Аллахын хүслээр үүнийг хийх болно» гэж тэрбээр хэлжээ.

Яйя Жамме Гамбийн ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа сонгогдож байгаа бөгөөд анх 29 настай байхдаа цэргийн эргэлт хийн тус улсын анхны ерөнхийлөгч Дауду Жаваруг түлхэн унагааж засгийн эрхэнд гарчээ. Тэрбээр шуугиан тарьсан мэдэгдэл хийдгээрээ алдартай. Жишээлбэл, ДОХ-ыг өвсний хандаар эмчилж болно, ижил хүйстнүүдийн толгойг авах хэрэгтэй гэж мэдэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top