“Барса”-д шагналын хур буув

Автор | Zindaa.mn
2011 оны 12 сарын 18

Хагас зуун жилийн түүхтэй дэлхийн 40 гаруй оронд уншигчтай хөлбөмбөгийн тэргүүн сэтгүүлүүдийн нэг “World Soccer” 1982 оноос эхлэн дэлхийн шилдэг хөлбөмбөгч, баг, дасгалжуулагчийг тодруулдаг уламжлалтай болсон. Тус сэтгүүлийн уншигчдын санал асуулгаар тодордог энэ жилийн шагналын эзэд нь Испанийн “Барселона” багийнхан болсон байна. Уншигчдын 60 гаруй хувийн санал авсан Месси 2011 оны шилдэг хөлбөмбөгчөөр тодорчээ. Аргентин довтлогч хоёр жилийн өмнө энэ шагналыг авч байсан. Түүнтэй хамгийн ойр өрсөлдсөн хөлбөмбөгч Криштиан Рональду 9.3 хувийн санал авсныг харьцуулбал ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчний шагнал ч Мессид дахин очих төлөвтэй байна. Уншигчдын 7.6 хувийн санал авсан “Барселона”-гийн Шави гуравт бичигджээ. Харин шилдэг дасгалжуулагчаар “Барса”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиола тодров. Оны шилдэг багаар ч “Барса” зүй ёсоор шалгарлаа. Харин оны шилдэг залуу тоглогчийн нэр хүнд “Сантос"-ын Неймарт очсон байна.

 

Эх сурвалж: “Амралтын шуудан” сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top