Өнөө хаврын улс төрийн синдром намуудын хагарал, нэгдэл, нийлүүлэлтээр эхэлж байна. Синдром гэхээр хүмүүс улс төрийн албан ёсны нэр томъёо мэт ойлгодог болж. Уг нь анагаах ухааны хэллэгээр сэтгэцэд нь өөрчлөлт орж өвчилсөн хүмүүсийн хөөрөл, гутрал, хямралыг ингэж нэрлэдэг. Улс төрийн үйл явдлын өрнөл манайд яг иймэрхүү хүмүүс шиг байдаг болохоор энэ нэр тун цохисон гэмээр. Сүйрэл нүүрлээд байгаа байгаль орчноо хамгаалах бодлого хөвөрдөж суудаг Ногоон намынхан гэдсэндээ хөлөө жийлцсэн нь улс төрийн синдромыг улам хүндрүүлэх шинжтэй. Ногоон нам урьд нь парламентад суудалгүй байлаа. Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн Иргэний хөдөлгөөн удирдаад “Яргуйн хувьсгал хийнэ” хэмээн хаширч явсан Д.Энхбат гэдэг нөхөр яаран сандран энэ намд гишүүнээр орж шууд л УИХ-д нэр дэвшсэн юм. Ногоонтонууд дунд хэл ам сайтай, хэнтэй ч эв зүйгээ олох сүүхийтэй эр тухайн үед түүнээс өөр бараг байгаагүй. Д.Энхбат НН-ын удирдлагуудтай ганцаарчлан уулзаж “Намайг намдаа аваач. Би УИХ-ын гишүүн болмоор байна. Хэдүүлээ нийлээд Монголд ногоон хувьсгал хийнэ” гэж гуйжээ. Цаадуул нь ч ум хумгүй зөвшөөрч намынхаа хурлаас УИХ-ын сонгуульд нэрийг нь дэвшүүлэн дэмжиж өгсөн. Сүүлд нь гадаадын хандивлагчдаас ирүүлсэн 150 мянган ам.доллароо түүний гарт атгуулж, намаа өөд нь татаж, жинхэнэ намын дарга шиг ажиллаарай гэж захижээ. Гэвч Д.Энхбат УИХ-д сонгогдсоноосоо хойш тэдгээр нөхдөө мартаж, намынхаа үндсэн үзэл баримтлалыг төр засгийн түвшинд хүргэх талаар юу ч хийсэнгүй. Хий хоосон онолдож ярихаас цаашгүй явсаар тэр саяхан ИЗН-ын дарга С.Оюунтай “Хуримлаж” хоёр намыг хүчээр нийлүүлэн өөрөө дарга нь болж журамт нөхдөө бухимдуулав. НН-ыг ИЗН-тай нэгтгэхийг анхнаасаа дэмжээгүй Басандорж, О.Бум-Ялагч тэргүүтэй намынх нь удирдах зөвлөлийнхэн түүний энэхүү хурлаас нэлээд хэд хоногийн өмнө онц их хурлаа зарлан хийлгээд ч Д.Энхбат С.Оюун хоёрын нэг хөнжилд орохыг хорьж чадаагүй аж. Ингээд НН хоёр хэсэг салж, Басандоржийнхон нь шүүхэд зарга үүсгэн дээрх 150 мянган ам.доллар болон хууль бус нэгдэлийн асуудлаа шийдүүлэх гээд харайж явах хооронд хашир эр “Иргэний зориг-Ногоон нам” хэмээн тийнхүү тунхагласан байна. Энэ талаар О.Бум-Ялагчаас утсаар тодруулахад, “Дээд шүүх энэ намыг хэзээ ч бүртгэж авахгүй. Яагаад гэвэл бид шүүхээр шийдүүлэх гээд нэхэмжлэл, бүх тайлбаруудаа өгчихөөд байтал ийм юм боллоо. Яахыг нь харж л байхаас. Юм үнэнээрээ байвал сайхан харагддаг биз дээ” гэсэн юм. Ногоон намыг анх үүсгэн байгуулагчдын нэг Басандорж Иргэний зориг-Ногоон намын нэгдэх анхдугаар хурлын үеэр Сүхбаатарын талбай дээр Д.Энхбатыг эсэргүүцсэн туг лоозонгоо бариад зогсож байхдаа “Намынхаа нийт гишүүдээр хэлэлцүүлэлгүйгээр, өөрийн тойрон хүрээлэгч хэдхэн хүний хэмжээнд шийдэн Иргэний зориг намтай нийлж байна, энэ Д.Энхбат гэдэг хүн. Их том толгойтой болжээ. Бид ногоон үзэл баримтлалдаа үнэнч байх ёстой” гэж байлаа. Тэдний энэ маргааныг шүүх шийдэж өгөх нь гарцаагүй. Хэрвээ Дээд шүүх Иргэний зориг-Ногоон намыг бүртгэх боломжгүй гэж үзвэл Д.Энхбат, С.Оюун хоёрын хурим хүчингүй болно. Ингээд Д.Энхбат гоонь эрийн ёсоор амь зогоохоос өөр замгүй. Ер нь энэ эрхэмийн УИХ-д суугаад юу бүтээсэн, хийснийг тооцоод үзэхэд гавьтай юм үнэндээ алга гэнэ. Байгаль дэлхий сүйрдгээрээ сүйрсээр. Гайтай “урт” нэртэй хуулиа засаг нь хэрэгжүүлсэнгүй. Ашиглалт явуулж байгаа уурхайнууд гол мөрөн, нуур цөөрмийг ширгээгээд, дэргэд нь Ногоон нам нойрсож, зодоон цохионтой зүүдэн дундаа ийнхүү тэлчилж байна. Энэ хооронд эвэр нь ургасан нэг муу ишиг эхийнхээ гэдэс рүү аягүй чанга мөргөчихөв. Хөөрхий тэр ишиг өнөөх цианит, натриар нь хордсон уу, яасан, ямартай ч ингэж аймшигтайгаа синдромдлоо. Хуучин андууд нь харин түүнд хүн ёсоор хандаж, синдром дарах сайн эм хайгаад шүүх дээр одоохондоо хонон өнжин хүлээх ажээ.
Я.Ымербек
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )