Он цаг тасралтгүй урагшилсаар 2012 он гарлаа. Шинэ онд дэлхийн хийгээд Монголын түүхэнд олон олон сонин содон үйл явдал тохионо. Монголын түүхийн тэгш олон ой 2012 онд ч үргэлжилж эзэн богд Чингис хааны сүүдэр тухайлсны 850 жилийн ойг тэмдэглэнэ.
Хагас зууны тэртээ Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэлээ гэж С.Төмөр-Очир тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд албан тушаалаасаа бууж, хөдөө цөлөгдөж байсныг бодвол ардчилсан шинэ нийгмийн үед эзэн Богдынхоо ойг амар амгалан тэмдэглэхийн нигуур бүрдсэн цагт ёслолоо үйлдэх гэж байна. Эрдэмтэд хэлэлцээд өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Тэмүүжин мэндэлсэн гэдэг дээр тогтжээ. Ирэх жилийн арваннэгдүгээр сарын 14-нд өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож, тэр үеэр Богд Чингисийнхээ ойг тэмдэглэх бололтой.
Шинэ он бол УИХ, орон нутгийн сонгуулийн жил. Төрөө засч, парламентаа шинэчлэх сонгуулийн эрх мэдлийг нийт сонгогчид нэг л өдөр, ганцхан хором эдэлнэ. “Буруу хүн сонгочихож” гэж дөрвөн жил амаа барихгүйн тулд тэр ганц хоромдоо мэргэн сонголт хийх эрх сонгогчдод үлдэж буй. Тэндээс л шударга засаглал Монголд тогтож чадах эсэх шалтгаална. Орон нутгийн сонгуулиар иргэд өөртөө хамгийн ойр засаглалаа сонгоно. Гэхдээ УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулах байснаа одоо техникийн боломж, сонгууль явуулах зарчмын ялгаа зэргээс шалтгаалаад хоёр тусад нь хийхээр болж таарах шинжтэй.
Ирэх хоёрдугаар сарын сүүлээр сар шинийн баяраа хийж туулай жилээ үдэн “Баясгалан” хэмээх хар усан луу жилээ угтана. Түүний шороон үхрийн шинжид ард зон хямралдан дээдэстэй тэмцэхийн нигууртай гэжээ. Сонгуулийн өмнө иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал цуглаан ширүүсэх байх. Харин сонгуулийн будилаан гарч тэмцэл хөдөлгөөн үүсэхгүй байгаасай гэж улстөрчдөөс гуймаар байна.
Хойд хөрш ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үндсэндээ Ерөнхийлөгч Д.Медведев, Ерөнхий сайд В.Путин хоёр байраа солино гэж ажиглагчид хэлж буй. Тийм шинж бүрдсэн хэдий ч Орост иргэний хөдөлгөөнүүд хүчээ авч “Путингүй Оросын төлөө” тэмцэл өрнүүлээд буй нь коммунист хэлбэрийн тогтолцооноосоо хойд хөршийн иргэд салахыг хүсч байгаагийн шинж гэлтэй. АНУ-д бас сонгууль болно. Б.Обамаг дахин сонгох эсэхийг одооноос тааж хэлэхэд хэцүү ч Иракаас цэргээ татах зэргээр өнөөгийн Ерөнхийлөгч иргэдээсээ оноо цуглуулах арга хэмжээ авсаар байна.
Удирдагч нь таалал төгссөн Хойд Солонгост дэглэм зөөлрөх эсэхийг дэлхий нийтээрээ бас харж байгаа. ОХУ, АНУ-ын байдал хаашаа эргэх нь дэлхийн улс төр, эдийн засгийн амьдралд томоохон нөлөө үзүүлэх нь гарцаагүй.
Дэлхийн спортын их наадам Зуны олимп Английн Лондон хотод болж, тив тивийн хүн зоны анхаарал тэр зүгт хандана. Олимпийн XXX наадам буюу 2012 оны Лондоны зуны олимп 2012 оны долдугаар сарын 27-наас наймдугаар сарын 12-нд Их Британийн нийслэлд зохион байгуулагдах юм.
Нэг сонирхолтой зүйл гэвэл 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нд Маяачуудын хуанли дуусч, дэлхий сөнөнө гэсэн цуу нэлээд дээрээс тарсан. Тэгвэл Буддын шашны үүднээс авч үзвэл энэ үед дэлхий ертөнц сансрын уудмын Бумбын оддын ордод шилжин, Бурхан Бумбын оронд хэдэн зуунаар саатах шинэ “гэртээ” орох ажээ. Үлгэр туульст “Бур бур бороотой, Сэр сэр салхитай бурхан Бумбын оронд жарган суув аа” гэж гардаг нь энэхүү Бумбын ордод дэлхий шилжихийг бэлгэдсэн гэдэг. Муу бүхэн арилж оюун ухаан хүн төрөлхтнийг жолоодох сайн цаг үүгээр ирнэ гэж гадна дотнын судлаачид хэлж буй. Энэ мэт сонин сайхантай шинэ онтой бид бүхэн учран золгоод байна.
Сэтгэгдэл ( 0 )