“Донж”-ийн Төгөлдөрийн хөтөлдөг 25-р суваг телевизийн “Тархины түгжээ мултлагч” нэвтрүүлэгт МУГЖ дуучин С.Жавхлан намын дэргэдэх Залуучуудын байгууллагыг “Суганы үс”-тэй зүйрлэсэн тухай сонсоод түүний яриаг телевизэд ярилцсан тэр чигээр нь ямар ч засваргүйгээр буулгасаныг хүлээн авна уу? Үүний хажуугаар ер нь залуучуудын байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг, залуу хүн таны амьдралд хэр ойр байдаг вэ, тэдний талаар өөрсдийн бодлыг хуваалцаач хэмээн залуучуудаас сонирхвол “ Ирээдүйд намын лидерүүд болох хүмүүс бэлтгэгддэг. Тэдний залгамж халаа. Одооноос даргын буурь сууж, албан тушаал дэвших хүмүүсийг бэлтгэх дамжаа ч гэж нэрлэж болно. Залуучуудын байгууллага гэдэг бэлгэдэл төдий, сонгууль болохоор сэрээд бусад цагт ичээндээ байдаг” гэх мэтээр өөр өөрсдийн байр суурийг илэрхийллээ. “Суганы үс”-тэй зүйрлэснийг юу гэж ойлгож байна гэхэд НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л. Оюун-Эрдэнэ: “Адилхан залуу хүн байж нэгнийгээ битгий гоочлооч дээ” гэсэн бол НАМОХ-ны ерөнхийлөгч Б. Амарсанаа: “Суганы үс” –ийг магтаал гэж ойлгосон гэлээ. Юутай ч уг байгууллага залуучуудаасаа хөндийрч тэдний дуу хоолойг төр засагт хүргэж байхгүй бол залуучууд чинь та нарыг “Суганы үснүүд” гэж нэрлэх нь байна шүү. Ингээд олныг үл нуршин дээрх эрхэмүүдийн ярианд хандуулъя.
МУГЖ дуучин С.Жавхлангийн 25-р суваг телевизийн “Тархины түгжээ мултлагч” нэвтрүүлэгт оролцсон яриа бүрэн эхээрээ
Төгөлдөр: Чамайг телевизээр харж байхад Гал үндэстэн холбоо, газар шорооны тухай ярьж байдаг. Өөрийг чинь таниад төрд зүтгэж байгаа хүмүүс болон УИХ-ын 76 гишүүдэд иргэн хүнийхээ хувьд үг хэлэх бололцоог олгож байна?
С.Жавхлан -Би намаар удамшдагаа болиоч ээ гэж хэлмээр байна. Өвөг дээдсээрээ, гарвал үүслээрээ удамшъя гэж. УИХ-ын сонгуульд нэг хүн дэвшээд хүрээд ирлээ, тэгэнгүүт чи ямар намынх уу, ардчилсан намынх, намы нь харж сонгууль өгдөг. Тэгэхээр намаар удамшдагаа болъё, үүнээс залхчихсан байна ш дээ. Тэртэй тэргүй энэ цаг дуусаж байгаа. Энэ нам гэдэг зүйл чинь далдлагдах нуувч болчихоод байна ш дээ. Юу гэхээр урд зүгийн хүмүүсийн хүүхдүүд хүрч ирэнгүүтээ дэвшингүүтээ би хувьсгалт намаас дэвшиж байна гэнгүүт хүмүүс гарвал үүслий нь мэдэхээ больж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхлээр гарвал үүслээр нь монголчууд энэ зүйлийг хүсэж байна.
-Төрд орж байгаа хүмүүст тусгай шалгуур гэж байдаггүй юм байх даа?
-Энэ бол намаар удамшаад байгаа учраас арилахгүй байх аа. Ерөөсөө дандаа нууцлагдмал. Тэгэхээр би энэ хүмүүст хандаж хэлмээр байгаа юм, юу вэ гэхээр та нар битгий намаар удамшаач ээ, намаар удамших цаг чинь дууссан, нэгдүгээрт. Хоёрдугаарт, та нар яг юу хийсэн юм бэ, одоо эргээд харъя л даа, тайлангаа тавиач. 20 жил гээд тэмдэглээд баахан хятад шар тэмдэг нэгэндээ зүүж өгөөд л. Яг юу хийсэн юм бэ, юу ч хийгээгүй байхгүй юу. Нэг намын нөхөр гарч ирээд Монголынхоо төлөө гоё юм хийе гэхээр нөгөөх нь дотроо боддог байхгүй юу, карьер нь өсчих гээд байгаа юм шиг бодогддог байхгүй юу. Уул нь Монголын төлөө байдаг, гэтэл энийг хийлгэчих юм бол би уначихна, дарагдчихна гээд зулгаалдаад байгаа юм. Энэ хооронд чинь хэн хохироод байгаа юм бэ, Монголын түмэн олон чинь хохироод байна шүү дээ. Цайлган цагаан сэтгэлтэй, өрөвч нинжин сэтгэлтэй, хэнийг ч хамаагүй хүндэлж хайрлаж чаддаг ийм гоё задгай сайхан түмэн олон чинь өнөөдөр энд гундаад байна ш дээ. Эд нарын зугаа болоод. Энэ төр гэдэг зүйлийг өөрийн, хувийн юу гээд ойлгочихсон байна ш дээ, татвар ч төлдөггүй, хувийн байгууллага болчихож төр гэдэг чинь. Уул нь түмэн олных байх ёстой ш дээ. Тэгэхэд энэ олон чононуудыг тэжээчихсэн байхгүй юу, газры нь зараад мөнгө өгье гэнгүүт нөгөө хэд нь залхуураад суучихсан. Энэ чононууд сэрж байна шүү, чоно нэг өдөр тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг билүү, чоно бол хэзээ ч барина ш дээ, өсөөд ирэхийн цагт. Энэ цагаан сар бол махгүй болж байна л даа. Тэгэхээр энэ зүйлүүдийг мэдэрч, анзаарч түмэн олондоо үнэнийг хэлээч, тайлангаа тавиач яг юу хийсэн юм бэ. Би ингэж л хэлмээр байна, энэ хүмүүст. Гоё ний нуугүй ярилцаад тийм биз дээ. Таны хэлдгээр тархины түгжээгээ мултлаач ээ.
-Би ажиглаж байхад энэ нөхдүүдийн доор нь бас хүмүүс байна. Ардчилсан социалист залуучуудын холбоо, доор нь яг чиний насны гүзээ нь унжчихсан яг тэд нар шиг хүмүүс үйлдвэрлэгдэж байна?
-Тэр хүмүүс чинь хүзүүгээр эргэхдээ бүтэн эргэдэг. Тэрний тухай гадуур гоё яриа гарчихсан байна лээ. Суганы үснүүд гэж. /инээв/ Манай Чапи суганы үснүүд гэж. Нөгөө түгжээ нь мултраагүй нөхдүүд араасаа ийм нөхдүүдээ бэлдэж эхэлж байгаа байхгүй юу /биетээр үзүүлэв/. Одоо тэр бол дууснаа, гоё бай л даа тийм ээ, задгай.
-Мал дээр хэд хонуулчихаад аваад ирэхэд суганы үс биш, толгойны үс болчихоод ороод ирэх юм биш биз дээ?
-/инээв/Тийм. Тэгээд зангиа зүүчихсэн яг нөгөө ах нар шигээ бид тэгж бодсон юм гээд л. Нөгөө ах нар шигээ энд тэнд дандаа юм амлаж явна. Би хийчихнэ гээд л, өөрөө нэг ч өөрчлөгдөхийг хүсдэггүй. Яг Монголын эдийн засаг, Монголын төлөө л юм бол монгол л бай л даа, яг яачихаад байгаа юм бэ. 2500 долларын Версаче, Монголын ядуу түмнээс хулгайлж авсан мөнгөөрөө өмсчихөөд л эдийн засгийг чинь гоё болгоно гээд л хусаад байдаг. Уул нь зах дээр гараад гоё цагаан сараар ч юмуу, би гоёлоо эндээсээ авъя, би л лав тэгдэг. Би өөрөө түмэн олноосоо дуулж авсан мөнгөө, эзэн Чингис хааныгаа хүндэлдэг л бол эзэн Чингис хааныхаа зурагтай мөнгийг монгол дээл хувцас оёж байгаа ч юмуу, монгол ааруул зарж байгаа ч юмуу, монгол юмандаа л би зарцуулдаг. Түүнээс биш гадаад руу монгол дуу дуулж мөнгө олчихоод өвөг дээдсийнхээ дуугаар олчихоод өвөг дээдсийнхээ зурагтай мөнгийг харь луу өгөөд л, ингээд л мөнгөний ханш чинь, энэ их банкнууд байгаад л байдаг юм билээ. Ханшны уналт чинь энэ ш дээ. Бүгд зэрэг үүнийг уриалчихъя л даа. Монголд хог цэвэрлэе гээд л бас гүйх юм, Туул гол цэвэрлэе гээд л. Туул гол дээр чинь хог хаанаас ирээд байгаа юм бэ. Дандаа юмны төгсгөлийг олж харах юм энэ хүмүүс. Уул нь тэр хог чинь хаанаас үүсээд байгаагаа л тогтоо л доо. Тэгэхэд энэ хилээр л орж ирж байгаа ш дээ. Бид нар уг нь айргаа уувал ямар ч жүүс шаардлагагүй юм байгаа юм ш дээ. Бид нарт Монголд аньс, нэрс, чацаргана бүгд ургадаг юм ш дээ. Тэгэхэд яагаад энийгээ хийхгүй ширээн дээрээ пакеттай жүүс тавьснаараа тэр хүн өөрийгөө аймар гоё гэж бодоод байгаа юм бэ. Одоо энэ хоцрогдчихоод байна ш дээ. Тэгээд энэ хүмүүс хоцорч байгаагаа мэдэхгүй миний солиотойг л олж хараад байгаа юм.
НАМЗХ-ны Ерөнхийлөгч Л. Оюун-Эрдэнэ: Залуучууд бие биенээ дэмжээсэй
-Би МУГЖ, дуучин С.Жавхланг ингэж хэлээгүй байх гэж бодож байна. Би энэ хүнийг хүндэтгэж явдаг. Сайн уран бүтээлч, сайхан залуу. Үе тэнгийнхээ залуучуудыг ямар нэгэн байдлаар гоочлолгүй, залуучууд бие биенээ дэмжих нь зүйтэй гэж боддог.
НАМОХ-ны ерөнхийлөгч Б. Амарсанаа: Зорилгоо биелүүлж сайн ажиллаж байгаагийн магтаал гэж ойлгож байна.
-Би энэ талаар мэдээгүй. Тэр нэвтрүүлгийг үзээгүй учраас юу ярьж, ямар зорилгоор хэлснийг нь мэдэхгүй байна. Миний бодлоор “Суганы үс” гэдэг томъёолол маань хэлц үг байх. Ер нь үс чинь хүний нэг эд эрхтэн шүү дээ. Энд суганы үс байна уу, толгойны үс байна уу, тэр нь хамаагүй бидний идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаж байгаагийн нэг хэлбэр юм болов уу. Хэрэв бид юм хийдэггүй байсан бол юуны ч үс, хумсаараа дуудуулахгүй байсан. Би энэ үгийг доромж аяс утгаар нь ойлгохгүй байна. Та нар зорилгоо сайн биелүүлж, сайн ажиллаж байна гэсэн магтаал юм болов уу гэж бодож байна.
Д.Жаргалсайхан Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )