Шархадсан араатан

Автор | Zindaa.mn
2012 оны 01 сарын 10

Бадрах цонхноосоо холдож ч чадахгүй хөшсөн мэт зогсож байлаа. Хөдөлбөл яг л унах юм шиг санагдаад болдоггүй. “Яахаараа гэрийнхээ дэргэд, эрийнхээ хажууд залуутай болздог байнаа. Ядаж намайг бодож болоогүй юм байх даа” гэж бодохоор уур бухимдал, хорсол гуниг цээжийг нь дэлдэж, зүрх нь салганан чичирч байв. Тэр гараад гүйхийг, Өлзийгийн гарыг атгачихаад салж чадахгүй байгаа тэр үл таних залууг газар унатал цохиж унагаахыг хүсэж байлаа. Гэрийнхээ гадаа болзоонд зогсож байгаа эхнэр нь тэр залууруу найр тавин инээмсэглэж, жижигхэн гараараа далласаар сая л нэг байрныхаа орцруу орохыг харсан Бадрах гэнэтхэн хулгай хийж байгаад баригдсан хүн шиг сандарч, саяхан л хөдлөж чадахгүй байснаа ухасхийн өндийж, буйдан дээр үсрээд суучихав. Өлзиймаа түүнийг гэртээ ирээгүй гэж бодсон нь илт. Хаалгаа түлхүүрдэн онгойлгож, хувцсаа тайлан  дуу аялан орж ирснээ гэнэт түүнийг харан бондгосхийтэл цочив. “Өө. Ирчихсэн байсан юм уу? Ямар чимээгүй суудаг юм. Хүн цочоочихлоо” хэмээн инээмсэглэх нь тэр. Бадрах сая л түүнийг харж байгаа юм шиг цоо ширтснээ “Унтчихаж” хэмээн худлаа хэллээ. Үнэндээ түүний сэтгэлд цас шуурч байх шиг л санагдаж, үсэрч босоод Өлзиймааг цохиж, орилж хашгирахыг хүсэж байсан ч дуугарсангүй. Хараад байхнаа Өлзиймаа улам ч хөөрхөн болчихсон юм шиг, хар, хайр хоёр багтаж ядан, амаар нь утаа гарч байх шиг санагдахад тэр тамхиа шүүрч аваад тагтан дээрээ гарлаа. Тэрээр Өлзиймааг ажлаасаа оройтож ирээд байгааг сая л анзаарав. “Их орой болчихож. Ганцаараа ирсэн үү?” хэмээн асуухдаа тэр “Ажлынхаа газрын залуугаар хүргүүлсэн гэж хэлээсэй” гэж хүсэж байлаа. Гэвч Өлзиймаа “Ганцаараа. Хэн намайг хүргэж өгөх вэ дээ” хэмээн ажиг ч үгүй хэлчихээд усанд орохоор ванны өрөөрүү орчихов. Өлзиймаагийн утсанд мессеж ирсэн бололтой. Тэр анх удаа л эхнэрийнхээ утсыг шүүрч авахдаа гар нь чичирч байлаа. “Миний хайр сайхан амраарай” гэсэн үг дурайж байх нь тэр. Бадрах хашгирмаар, орилмоор, угаалгын өрөөний хаалгыг дэлбэ өшиглөөд Өлзиймааг чирч гаргаад нүцгэн чигээр нь орцруу түлхээд хаячихмаар санагдаж байлаа. Түүний зүрх яг л шархадсан араатан шиг салганан, уур хорслоор шатаж байв. Гэвч тэр байрнаасаа ч хөдөлсөнгүй.

Өдрөөс өдөрт өөрөөс нь холдож байгаа эхнэрийгээ дагаж, найз залуудаа яг л жаахан хүүхэд шиг эрхлэхийг харж, шүдээ хавиран байж ядаж, заримдаа ганцаараа хашгирч байсан ч гэсэн тэр Өлзиймааруу ганц удаа муухай харсангүй. Өлзиймаа шөнө хугаслан гэртээ ирнэ. Түүнийг эзгүй хойгуур Бадрах бухимдлаа дийлж чадахгүй хашгирч, ханаруу толгойгоороо шааж, яг л араатан шиг гасалдаг ч Өлзиймааг харахаараа юу ч хийж чадахгүй хөшиж орхидог байлаа.  Үнэндээ тэр бусадтай самуурч яваа эхнэрээ биш, харин өөрийгөө буруутгаж байгаагаа өдрөөс өдөрт мэдэрч, уур хорсол, бухимдал нь гомдол болон хувирч байлаа. Өдрөөс өдөрт л Өлзиймаа Бадрахын хувирч өөрчлөгдөж, улам л уйтгартай дүнсгэр болж байгааг мэдэрч байсан ч юу ч хэлсэнгүй. Түүний дуугүй, зожиг байдал харин ч түүнд амар юм шиг санагдах болсоор удаж. Өглөө сэрээд л ажилруугаа яарна. Хөгжилтэй, бас халамжтай тэр залууруу яарч байгаагаа мэдэрдэг байлаа. Ажил дээр үргэлж хамтдаа, орой ч бас хамтдаа. Шөнө дөл болтол зугаалж, түүний халуухан үнсэлт, зөөлхөн урсгал харцанд хөл алдан живж байгаагаа л мэдэрч байлаа. Оройтож ирчихээд зориг муутайхан хаалгаа онгойлгодог байсан бол сүүлийн үед энэ айдас өөрөөс нь алхам алхамаар холдож, “Нэгэнт л хайртай юм чинь яах вэ дээ. Хэрвээ Бадрахыг уурлаж хашгирах юм бол шууд л гараад явчихна” гэж бүр зориг шулуудчихсан байлаа.  Тэр ч бүү хэл “Бадрах уурлаасай.”  гэж  битүүхэн хүсэж байгаагаа ч анзаарсангүй. Өлзиймаа Ганаатай хамт амралтын өдөр байн байн салхинд гарна. Амрагийн халуун цэнгэл, жаргалд мансуурч, түүний төлөө амьдарч байгаа юм шиг санагдах үе ч олонтой. Өдөр хоног яаж өнгөрч байгааг үнэндээ тэр мэдсэнгүй.  Хоёр өдөр хотын захад байх амралтруу очиж, ертөнцөд Ганаагаас өөр хүн байхгүй юм шиг л зугаацаж яваад оройхон гэртээ иртэл гал тогооны өрөөнд  торонд  хоол цайны халуун сав байхыг харав. Өлзий битүүхэн гайхаж, “Бадрахаа энэ юун хоолны савнууд вэ?” гэхэд цонхоор харан тамхи татаж суусан нөхөр нь буруу харж  “Ганаагийн авгай төрчихсөн. Хоол цай аваачиж өгсөн юм” гэхэд  тэрээр сандарсандаа, бас балмагдсандаа “Ямар Ганаа” хэмээн  чангаас чанга хашгирснаа ч анзаарсангүй. Бадрах “Яагаав сая чамайг хүргэж өгдөг” хэмээн хэлэхдээ өнгөрсөн хоёр жилийн уур бухимдлаа анх удаа гаргаж тун хүйтэн хөндий хэллээ. Өлзиймаа үнэндээ юу ч хэлэхээ мэдсэнгүй. “Ганаа эхнэртэй юм уу” хэмээн шивнэж байгаагаа ч анзаарсангүй. Яагаад ч юм түүнд гомдож, бас худлаа гэж хашгирахыг хүсэж байсан ч нөхрийнхөө царайг хараад юу ч хэлж чадсангүй. Бадрах хөнгөхөн хайрын баланд мансуурч, хөл алдан дэгдэж явсан эхнэрээ хараад гэнэтхэн өрөвдчихөв. “Ганаагаас эхнэртэй юу гэж чи асуусан юм уу?” гэхэд Өлзиймаа хулгай хийж байгаад баригдсан хүүхэд шиг чимээгүйхэн толгойгоо сэгсэрч байлаа. Өлзиймаа Ганаад гомдож, бас нөхрөөсөө айж ичиж, өөрийгөө жигшин зэвүүцэж, яг л шархадсан араатан шиг орилж хашгирмаар санагдаж байсан ч дуугарч чадсангүй. Зоргоороо урсах нулимсандаа халтардаж, аргаа барсандаа “Чи хэзээ мэдсэн юм” юм гэж шивнэх төдий дуугарав. Бадрах хэсэг чимээгүй сууснаа “Хоёр жилийн өмнө. Чамайг гэртээ оройтож ирэх болсон тэр үеэс” гэснээ дуугай болчихов. Өлзиймаад үнэхээр хэлэх ч үг олдсонгүй. Түүний царай үнсэн саарал болж, үс нь өрвийчихсөн, юу ч хэлж чадахгүй өмөлзөж байгааг харсан Бадрахын гомдол салхинд хийсэх адил замхарч байлаа. Бадрах  цөхрөлийн туйлд хүрчихээд байгаа эхнэрийнхээ үсийг аярхан илж,  “Чи минь надад эргээд ирсэн хойно бүх юм болох байлгүй дээ” хэмээн нэг их гүнзгий санаа алдав. Түүний шархалсан зүрх тайтгарч байх шиг санагдлаа. Арван хоёр жил хамтдаа амьдарсан нэг гэрийн хоёр гэм, нүгэл, ариун сэтгэл, алдаа онооны тухай бодох мэт нам гүм. Чимээгүй, нам гүм байдлыг эвдэн халуун тогоонд цай даргилан буцлахад Өлзиймаа, Бадрах хоёр зэрэг ухасхийв…

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top