ЗАСАГ | Хуулиар амрах ёстой өдрүүдэд амралтын өдөр таарвал амралтыг НӨХӨЖ олгоно

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 29

 

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Манай улсын хувьд нийт есөн баяраар 16 өдөр амардаг зохицуулалттай улс. Сар шинийн баяраар Шинийн нэгэн, хоёрон, гурванд амардаг бол Үндэсний их баяр наадмаар 10-15-ны өдрүүдэд амардаг. Иргэдээс Сар шинийн өдрүүд болон Үндэсний их баяр наадмын өдрүүдэд хуулиар амрах ёстой өдрүүд амралтын өдөртэй давхацсан тохиолдолд хагассайн, бүтэнсайныг нөхөж амраадаг болъё гэдэг хүсэлт ирсэн. Мөн ид хүйтнээр иргэд гэрээсээ ажиллах, өвлийн амралтыг хэрхэн зохицуулах, ханиад томуугийн үед сурагчдын амралтыг уртасгах зэрэг зохицуулалт хийхийг хүссэн. 

Амралтын өдрүүд хуулиар тогтоосон амрах өдөр давхацсан тохиолдолд Хөдөлмөрийн хууль, Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрүүдийн тухай хоёр хууль дээр өөрчлөлт орох учраас бид Засгийн газар зөвшөөрөл өгсөн тохиолдолд үүнийг УИХ-д өргөн барина. УИХ баталсны дараа уг зохицуулалтад орно гэсэн үг. УИХ энэ хаврын чуулганаар батлах юм бол уг зохицуулалт ирэх Үндэсний их баяр наадмаас эхлэн хэрэгжиж эхэлнэ. 

Хэрэгжиж эхэлсэн тохиолдолд Битүүнийг амралтын өдөрт тооцож, бямба, ням гараг нийтээр амрах өдрүүдэд таарсан тохиолдолд амралтын өдрүүдийг нөхөн олгох болно. Ингэсэн тохиолдолд Сар шинийн өдрүүдэд 4-6 хоног амрах болно. Үндэсний их баяр наадмаар давхацсан тохиолдолд найм хоног амрах нөхцөл бүрдэх юм" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu