Ерөнхийлөгчийн шахалтаар МАХН нэрийг олгох уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 01

Н.Энхбаярын улс төрийн гол хөзөр болоод байгаа Монгол Ардын Хувьсгалт Нам нэрийг хэнд ч өгөхгүй болсон гэж эх сурвалжууд мэдээлж байсан. МАН-ын зүгээс энэ тал дээр тун ч итгэлтэй байв. Гэвч байдал арай өөрөөр эргэж байна. МАХН-ын дарга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр нар Улсын Дээд шүүхэд гаргасан өргөдлийн хариуг өнөөдөр 11.00 цагт өгөх ёстой байсан. Дээд шүүхээс МАХН-ын нэр  бүртгэхээс татгалзсан хариултыг албан ёсоор өгөөгүй бөгөөд үүнийг Н.Энхбаяр болон түүний хамтран зүтгэгчид “Татгалзаагүй” гэж тайлбарлав. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, хуулийн зөвлөх О.Баасанхүү нарыг УДШ-ын Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүлээн авч уулзана гэдгээ мэдэгджээ. МАХН нэрийг Н.Энхбаяр авбал одоогийн УИХ-иас МАН-ыг орхиж түүнтэй нийлэх гишүүдийн тоо 10 хол давсан гэх яриа бий. Энэ асуудалд ерөнхийлөгч нөлөөлж байж болзошгүй гэх хардлага яваад байгаа. АН 2000 оны сонгуульд ганцхан суудалтай үлдэж, Монголын улс төрөөс арчигдах дөхөж байсан сүйрлийн үеийнхээ хариуг одоо л авах цаг мөн гэж Ардчилсан ерөнхийлөгчөө шахаж яваа сураг дуулдсан. Хэрвээ Н.Энхбаяр санасандаа хүрч чадвал 2012 онд МАН, МАХН хоёр саналаа хувааж, АН үнэмлэхүй ялалт байгуулах боломжтой болно. Түүхэндээ анх удаа Ардчилсан нам ерөнхийлөгч, парламент, засгийн газар, шүүх, прокурор гэх мэтчилэн төрийн дээд албан тушаалуудыг бүрэн эзэмших болно. Ц.Элбэгдоржийн хувьд энэ нүүдлийг харахын дээдээр харж, ухаарахын дээдээр ухаарч байгаа. Нөхцөл байдал ийнхүү АН-ын талд шилжиж байгаа энэ үед У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын гүйцэтгэх удирдлагууд юу бодож суугаа нь сонин байна.
Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top