Харри Поттерийн дүрээрээ алдартай Дэниель Рэдклифф шидтэний тухай цуврал кинондоо луу, хилэнтэй лусын дагинас, илбэчин гээд л сонирхолтой дүрүүдтэй тулгардаг. Түүний найзууд ч мөн адил эгэл бус зүйлстэй учирдаг билээ. Харин киноны зураг авалт дууссаны дараа ч “Поттерчууд” онцгой байдалд дурлах хүслээ орхиогүй бололтой.
Дэниель саяхан “Жонатан Россын шоу” телевизийн хөтөлбөрт оролцох үеэрээ хөтлөгч амьд оцон шувуу хооллохыг санал болгоход дуртайяа зөвшөөрчээ. Дэниельд шувуу хооллох нь таалагдсан бол оцон шувуу ч залуу жүжигчинд талтай байсан гэнэ. Оцон шувуу, Поттер хоёрын нөхөрлөл үзэгчдийг ихэд гайхашруулсан бөгөөд учир нь оцон шувуунууд танихгүй хүнд хандахдаа тун болгоомжилдог аж.
Харин Дэниель түүнд чин сэтгэлээсээ хандсаныг энэ “зожиг” шувуу мэдэрч чаджээ. Нэвтрүүлэгт оролцох үеэрээ Дэниель Японд тохиолдсон хөгжилтэй явдлаа мөн ярьсан байна. Ургах нарны оронд залуу жүжигчин “Битлз”-ээс дутахааргүй алдартай юм. Токиод очсон Дэниель сургуулийн хонгилоор явж байгаад нэгэн охиныг мөргөчихжээ. Дэниель уучлал гуйхад, өөрийнх нь зам дээр Поттер дүрээрээ зогсож байгааг харсан охин ухаан алдан унасан гэнэ. Цагтаа Майкл Жексоныг харсан охид мууран унадаг байсан бол одоо залуу шидтэнийг хараад ухаан нь балартдаг болсон байна.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )