Нэгдүгээр сарын 21-ний өдөр дэлхийг тойрсон ганцаарчилсан аялал хийсэн манай гаригийн хамгийн залуу далайчин болох 16 настай Лора Деккер аяллаа дуусгажээ. Жил тойрон үргэлжилсэн Деккерийн аяллын эцсийн цэг нь Карибын Сен-Мартен арал болсон байна. Түүний өгүүлснээр аялал нь гайхалтай болж өнгөрчээ. “Би далайн гахай болон тэдний сүргийг байнга ажиглан бахдаж байлаа. Энэ аяллыг эр зориг гарган дуусгаж чадсандаа маш баяртай байна” хэмээн ярьжээ. Ойрын өдрүүдэд Деккер Таппи хэмээх завиа цэвэрлэх ажлаа дуусгах бөгөөд үүний дараа сургуульдаа эргэн орох гэнэ. Эргэн сануулахад Деккер 2009 онд 14 настайдаа дэлхийг тойрон аялах зөвшөөрлөө авсан юм. Түүний эцэг эх нь охиноо "тэнгист төрсөн мөн дөрвөн нас хүртлээ завин дээр амьдарсан тул ганцаар аялахад нь татгалзах шалтгаан байхгүй" хэмээн өгүүлж байв. Харин хүүхдийн эрхийг хамгаалах албаны шаардлага тавьснаар шүүхээс түүнийг ганцаар аялбал өсвөр насны хүүхдийн хөгжилд муугаар нөлөөлнө хэмээн далайд гарахыг хориглоод байсан юм. Харин 2009 оны сүүлээр Деккер Сен-Сартен арал руу зугтаасан ч хэд хоногийн дараа түүнийг олж эх оронд нь буцааж байжээ.
2010 оны зун хүүхдийн эрхийн алба Деккерийн аяллыг хориглох шийдвэрийг дахин сунгахыг хичээсэн ч шүүх энэ удаад охины талд шийдвэр гаргаж 2011 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр охин тэнгист гарсан юм. Ингээд Лора Деккер 16 нас дөрвөн сартайдаа дэлхийг тойрсон усан аяллаа дуусгажээ. Урьд өмнө дэлхийг тойрон ганцаараа аялсан хамгийн залуу далайчин гэсэн “титэм”-ийг 17 нас хүрэхээсээ гурав хоногийн өмнө аяллаа дуусгасан Австралийн Жессика Уотсон хэмээх охин хүртээд байсан юм. Тэрбээр боомтод зогсолгүйгээр аяллаа үргэлжлүүлж байсан бол харин Деккер үе үе зогсолт хийж байжээ. Үүнээс өмнө Уотсоны амжилтыг 2010 оны зургаадугаар сард ганцаарчилсан аялалд гарсан Калифорнийн 16 настай охин Эбби Сандерлевд хэмээх охин эвдэнэ хэмээн мэдээлж байв.
Гэвч аялалд гараад удаагүй америк охин далайн шуурганд өртөн, боомт руу эргэн ирсэн юм. Хэдийгээр Деккер хамгийн залуу далайчин хэмээн хэвлэлүүдээр өргөмжлөгдсөн ч Гиннесийн номонд бүртгэгдэхгүй юм байна. Учир нь Гиннесийн дээд амжилтын ном өсвөр насныхныг аюултай аялалд уруу татахгүйн тулд насанд хүрээгүй далайчдын амжилтыг бүртгэдэггүй аж.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс" сонин
Сэтгэгдэл ( 0 )