Улс төр, гэмт хэргийн ертөнц айлссан урт “шар” хавар “баяр” дагуулсаар ирлээ. Олон хүний амь нас, эрүүл мэндийг бусниулсан 7 сарын 1-ний хэргийн шинэ дуулианаар зарим улс төрчдийн нүүр лүү цус гүйхээ больж байна. Ерөнхий сайд асан С.Баярын баргар царайг харах гэсэн сонжооч нар түүнийг Америк явсан хойгуур “Хэзээ ирэх юм бол. Арай…зугтаачихсан…” хэмээн жиг жуг ярилцаж, тэсч ядан хүлээж байлаа. Уг хэргийн талаар тэр тайлан тавих болчихоод байгаа тул арга ч үгүй биз. 7 сарын 1-нд МАН-ын байр шатахад гадаа байсан суудлын 5 машин шатсан. Гэтэл одоо болтол тэдгээр машины эзэд гарч ирдэггүй. Намынх нь байрнаас гал даамжирсаар хойд хэсэг буюу Соёлын төв өргөөний хүзүүвч рүү гэнэт шилжин дүрэлзсэнийг үймээн самуун дэгдээгчид гэгдэн баривчлагдаад сүүлд нь суллагдсан хүмүүсээс бас л хэн нь ч огт мэдэхгүй байгаа. Мөн намын байрны нэгдүгээр давхарт дөнгөж ассан галтай зэрэгцэн гуравдугаар давхарт гал ассаныг ч үнэн бодитоор тайлбарлах хүн олдоогүй. Шөнө гудамжинд буудсан бууны гэрэлт хошуутай сумны нисэх траектор тун сэжигтэй хэвээрээ үлдсэн. Хэрвээ хүмүүсийг айлгах зариуулалттайгаар буудсан бол цагдаа нар бууныхаа амыг ядаж 45 градусын налуутайгаар дээш нь босгоод буудах байсан гэдгийг галт зэвсгийн зарим мэргэжилтнүүд хэлж байна. Гэтэл зарим бууны амнаас гарсан сумны анхны нисэлт 45 градусаас доошоо голцуу байсан нь хүн алах магадлал өндөртэй байжээ. Түүгээр ч зогсохгүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын одоо яриад байгаагаар тухайн үед Ерөнхий сайд байсан С.Баяр яагаад түүний дургүйцлийг төрүүлж, заавал “онц байдал тогтооё” гэж шахаж шаардсан юм бол. Н.Энхбаяр түүнд онц байдал тогтоохгүйгээр үймээнийг тараах боломжтой гэдгийг сануулж хэлж байсан гэсэн. Ер нь С.Баяр үнэхээр шилдэг улс төрч юм бол үймэн бужигнаж байгаа хүмүүс дээр өөрийн биеэр гарч очоод “Сонгууль будлиантай болсон гэж үзэж байгаа бол би үүнийг магадлая. Энд цугласан иргэдийн төлөөлөлтэй уулзаж санаа бодлыг нь сонсоё” гэж хэлээд хэдэн хүнтэй нүүр тулж уулзсан бол гал дүрэлзэж, буун дуу гарахгүй байсныг олон улс төрч, жирийн иргэд халаглан ярьцгааж байна. Нээрээ тийм л дээ. Улс төрч хүн бол олон нийттэй ямар ч хүнд үед уулзаж, ярилцаж чаддаг, тэдний сэтгэл зүйг “Оношлох, эмчлэх” арга ухаантай байх учиртай. Даанч тэр тийм иргэний болоод улс төрийн зориг гаргаж чадаагүй. Эсвэл хүссэнгүй юу. Дэмий л шатаж байгаа байшингаа харан хөмхийгөө зуугаад сууж байсан гэдэг. Түүний орос найзуудаас “Чика” маягийн нөхөд нь ч түүнтэй холбогдож, тагнуул, цагдаагийнхантай хамт үймсэн олны дунд “Үзэлцээд” явсан сураг бий. Энэ мэт олон зүйл учир битүүлэг явсаар өдий хүрчээ. Харин С.Баяр Америкаас бөөн “таавар” өвөртөлсөөр сая нэг ирлээ. Ганцхан сонинд утсаар ярилцлага өгчээ. Утсаар өгсөн гэхэд удаан, нухацтай ярьсан тэрхүү ярилцлагад С.Баяр Н.Энхбаярыг “дэмий чалчаа” гэх маягтай үгээр булаад, үл тоомсорлох аятай шүү. Гэхдээ л түүний нөгөө давилуун, бадируун улс төрчийн үгс алга. Стандарт бус юу ч үнэртсэнгүй. Гэхдээ хүмүүс С.Баярыг эх орондоо эргэж ирсэнд туйлаас баяртай байна. Айл өрх бүрд л “Баяр ирлээ” гэцгээх аж. Үнэхээр тийм шүү. Баяр ирлээ… Харин юутай ирсэн бол … Богцонд нь …
Я.Ымербэк. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )