Компьютерын вирус бий болсноос хойш 40 жил өнгөрчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

Компьютерын анхны вирус бий болсноос хойш 40 жил өнгөрчээ. Хамгийн анхны вирусыг «Крипер» /Creeper/ гэж нэрлэдэг байсан бөгөөд түүнийг 1969 онд АНУ-ын Батлан хамгааалах яамны хүрээнд анх бий болсон өнөөгийн интернэтийн сүлжээний эхлэл гэж болох ARPANET сүлжээний ажилтнууд 1971 онд зохиосон байна.

Тухайн үед  «Creeper» нь “төгс төгөлдөр” вирус биш байв. Учир нь тэр нь системд ямар ч хохирол учруулдаггүй байжээ. Үүнээс гадна уг вирус компьютерын сүлжээнд нэвтрэхдээ «I’m the creeper, catch me if you can!» «Би Крипер байна, чаддаг юм бол намайг бариарай» гэдэг бичгийг дэлгэцэн дээр гаргадаг байсан бөгөөд хэрвээ түүнийг илрүүлсэн тохиолдолд өөр компьютерт шилжин ордог байсан байна.

Бас өөр нэгэн вирус бол 1982 онд 15 настай хүүхдийн бий болгосон «Elk Cloner» гэдэг вирус юм. Энэ вирус дискээр дамжин компьютерт нэвтэрдэг байжээ. Мөн 1987 онд 13-ны баасан гараг бүрт системд нэвтэрч бүх программыг нь устгадаг «Jerusalem» гэдэг вирус гарч ирсэн байна.

1999 онд «Melissa» хэмээх вирус гарсан бөгөөд Outlook шуудангийн үйлчилгээний хэрэглэгчдийн захидал харилцаагаар дамжин «Microsoft Word» программ дээр бичсэн бичиг баримтуудыг вирустүүлсэн байна. Тухайн үед уг вирус нь Интернэтийн шуудангийн үйлчилгээг хэсэг хугацаанд ажиллагаагүй болгож байжээ.

Сүүлд гарсан бас нэгэн аюултай вирус бол «Stuxnet» юм. Энэ вирус нь үйлдвэр, цахилгаан станц болон бусад аж үйлдвэрийн байгууламжид шууд хохирол учруулж чадах бөгөөд түүнийг анх 2010 оны зургадугаар сард Бушерын атомын цахилгаан станцын компьютерийн программд халдах үед нь илрүүлсэн байна.

Сүүлийн 40 жилд вирусын тоо геометрын прогрессоор өссөөр иржээ. 1990 онд 1300 байсан вирусын тоо 2000 онд 50 мянгад хүрч, 2010 он гэхэд 200 саяд хүрсэн тухай «Net Security» компани мэдээлжээ.

Кибер гэмт хэрэгтнүүдийн дараагийн бай нь электрон төлбөр тооцоог хялбархан хийж болох смартфонууд байх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Түүнээс гадна эдгээр төхөөрөмжид GPS-навигатор, чанга яригч болон хэд хэдэн дүрс бичлэгийн камер суурилуулсан нь луйварчдад “ухаалаг” гар утас эзэмшигчдийн араас мөшгих боломжийг олгож магадгүй юм.

Вирус илрүүлж, устгагч программ зохиогч «McAfee» компанийн мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаар, энэ онд смартфонууд хакеруудын халдлагад илүү ихээр өртөх болно.

Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top