Италиин алдарт загвар зохион бүтээгч, дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог 75 настай Жиоржио Армани маш хөдөлмөрч хүн. Олон алдартай загварууд, брэндүүд бүтээсний дотор хамгийн алдартай нь эрэгтэй хүний хувцасны загварууд нь юм. Жиоржио Армани 1974 онд өөрийн Армани нэртэй хувцас загварын компанийг байгуулж, шошго бий болгосон нь өдгөө өргөжин тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болсон байна. Түүний загваруудын нэг онцлог нь энгийн атлаа маш зөв хийсэн, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэг юм. Мөн эрэгтэй хүний загварын сууринаас эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог.
ЖИОРЖИО АРМАНИГИЙН НАМТАР
1934 онд Италийн Милан хотоос холгүй орших Пиаценза хотод эгэл жирийн айлын гэрт Жиоржио Армани төржээ. Орон нутгийнхаа жирийн дунд сургуульд суралцсан тэрээр театр болон кинонд хорхойсдог нэгэн байв. Сургуулиа төгсөөд хоёр жил анагаахын чиглэлээр суралцсан ч удалгүй сургуулиа хаяж фото зураг сонирхох болжээ. Гэтэл түүнийг эх орон нь дуудаж цэргийн албанд явжээ. 1957 онд цэргээс халагдан ирсэн залуу эр Миланы La Rinascente нэртэй их дэлгүүрт үзүүлэнгийн цонхны дизайныг янзалж бараг дөрвөн жил шахам ажиллажээ. Хожим дурсахдаа түүний ирээдүйн загварын ертөнцөд хөл алхах эхлэл нь энд тавигдсан гэж Армани ярьдаг.
“Тэнд ажиллаж байхдаа бид шинэ загварын чиг хандлагыг тандахын тулд Англи орон руу үе үе айлчлах хэрэгтэй байв. Тэнд л би хамаг онгодоо олж авсан. Нэг удаа Английн жижиг дэлгүүрт шар өнгөтэй хөшиг байхаар нь худалдан авч Итали дахь дэлгүүртээ тавихад хүн бүр л намайг солиотой гэж байв. Учир нь шар хөшиг бол маш гоёмсог, хэт чамин, жинхэнэ англи стилийн эд гэж тооцогддог байв” гэж дурссан байдаг.
1961 онд дэлгүүрийн ажлаасаа гарчихаад ямар ч сургууль соёлд явж байгаагүй ч загвар зохион бүтээгчээр Nino Cerruti нэртэй загварын газар ажиллах болжээ. 10 гаруй жил ажиллахдаа урам зориг, бүтээл дүүрэн ажиллан, хувцас, бөс даавууны талаар хангалттай мэдлэгтэй болсон Армани тэндээс гарч чөлөөт загвар зохион бүтээгчээр бие даан ажилласан байна. Гэхдээ 1975 оны долдугаар сарын 24-нд найз, хамтран ажиллагч Sergio Galeotti-н ятгалгаар өөрийн гэсэн загварын компани болох “Giorgio Armani Spa”-гаа нээжээ. Компаниа байгуулах санхүүгийн эх үүсвэрээ хуучин Wolsvagen машинаа худалдан олсон гэх яриа байдаг. Өөр нэг хувилбараар хамтран ажиллагч хоёр дөнгөж 10,000 доллараар бизнесээ эхлүүлсэн гэсэн яриа ч бий.
Анх нээгдсэн цагаасаа л Арманигийн компани маш их ашигтай ажиллаж, эхний жилдээ нэг сая долларын ашиг олсон байна. Энэ бүхэнд урамшсан Армани улам бүр идэвх зүтгэлтэй ажиллаж, түүнийг амжилт бүтээл даган, дэлхийн хамгийн том, дээд зэрэглэлийн брэндүүдийн нэгийг 1980-аад оны дундуур гэхэд бүтээж чадсан байв. Харамсалтай нь түүний хамтрагч Sergio Galeotti ДОХ-ын улмаас 1985 онд нас барсан юм. Galeotti нас барахдаа өөрийн хувьцааг Арманид өвлүүлэн үлдээсэн бөгөөд ганцаараа бүх ажлыг хүчрэхгүй Армани эгч Розанагаа туслуулахаар дууджээ. Энэ цаг үеэс хойш өдгөө Жиоржио Армани компанийн гол хувьцаа эзэмшигч болж, компаниа өргөжүүлэн тэлсээр одоогийн амжилтад хүрсэн байна.
Эх сурвалж: "Өөр мэдээ" сонин
Сэтгэгдэл ( 0 )