Ирээдүйн дэлхийн од охин наран шарлагын газарт эдгээр зургаа авахуулжээ. Уитниг дэлхий нийтээрээ гашуудан дурссаар л байна. Харин түүнийг бага залуу байхдаа загвар өмсөгч, фотомодель байсныг мэдэх хүн ховор болов уу? Тэгвэл саяханаас хэвлэлүүдээр хатагтайн 18 настайдаа Seventeen Magazine сэтгүүлд авахуулсан усны хувцастай зурганууд нийтлэгдэж эхэллээ. Далайн эрэг, тод өнгийн бикини, инээмсэглэл дүүрэн аз жаргал гэрэлтсэн царай... Үүнээс хар тамхи, архинд нэвт шингэсэн гунигт харцыг олж харахгүй нь мэдээж. Тус сэтгүүлийн редактор Диана Форден тухайн үед Уитнитэй хамтран ажилладаг байсан бөгөөд яг энэ зураг дээрх шигээ энхрий ялдам, хөөрхөн охин байж билээ хэмээн дурсана.
-Би түүнтэй хамтран ажилласанаа хүндэтгэл гэж боддог. Тухайн үед охин дунд сургуульд байсан. Маш хөөрхөн, хайр татсан түүнтэй бүгд ажиллах дуртай байлаа. Хүнийхээ хувьд ч сайхан сэтгэлтэй. Бид загвар өмсөгч хөлслөх болгондоо түүний талаар яриад эхэлчихдэг байв. Хэний ч санаанд оромгүй үйлдлийг хийж, ажилдаа маш дур сонирхолтой байсан хэмээн Диана дурсан ярьжээ. Энэ зургаа авахуулж сэтгүүлийн нүүрэнд нийтлэснээсээ хойш хоёр жилийн дараа Уитни анхны цомгийн бичлэгийн ажлаа эхлүүлжээ. 1985 дебют цомог нь дэлхий даяар 25 сая хувиар борлогдсоноор түүнийг хөгжмийн Олимп өөд авирах гараа нээгдсэн юм.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )