Тус улсын хэвлэлийнхэн гуравдугаар Рейхийн удирдагч өв залгамжлагчтай байсан талаар шуугиад эхэлжээ. Бүр баримт факт ч дэлгэн нийтлэх боллоо. Хэвлэлийнхний баталж байгаагаар Адольф Гитлер нууц хүүхэдтэй бөгөөд залуухан франц бүсгүй түүний хүүхдийг Дэлхийн нэгдүгээр дайны үеэр төрүүлсэн гэжээ. Тухайн үед ирээдүйн фюрер цэрэгт сайн дураараа татагдаад байсан аж. Энэ тухай анх 1981 онд Францын иргэн Жан-Мари Лоре “Чиний эцгийг Гитлер гэдэг” хэмээх өөрийн намтар бүхий номдоо өгүүлсэн байдаг. Харин түүнээс хойш дөрвөн жилийн дараа зохиолч эр таалал төгссөн тул ямар нэгэн байдлаар баталгаа гаргаж амжаагүй гэдэг. Харин зохиолчийн өмгөөлөгч Франсуа Гибо гэх хуульч үүнийг нотлох хангалттай баримт байгаагаа зарлалаа хэмээн LePoint сонинд бичжээ. Уг нийтлэлд бичсэнийг дор товчлон сийрүүлбэл:
...Жан-Мари Лоре нь 1918.03 сард төрсөн. Эцгийнхээ талаар огт мэдэхгүй. Хүүгийн эх Шарлотта Любжуа нь түүнд холын хамаатных нь нэрийг өгчээ. 1950-иад оны эхээр ээж нь нас барахаасаа өмнө 16-тай хүүдээ нэгэн түүх ярьжээ. 1917 оны зургаан сард тэрээр нэгэн герман цэрэгтэй янаг амрагийн харьцаатай байсан, хэд хэдэн удаа тосгонд тэр цэрэг ирж уулздаг болсон тухайгаа хүүгээсээ нуугаагүй байна. Ингээд Шарлотта Любжуа тэр цэргийг Гитлер гэдэг. Тухайн үед цэрэг эр Пикардын тулалдаанд оролцож байсан гэжээ.
–Би өөр эмэгтэйчүүдийн хамт өвсөн дор нуугдаж байсан. Тэгээд замын эсрэг талд явж байгаа баахан герман цэргүүдийг харсан. Дараа нь бид танилцахад тэр цэрэг зураг гайхалтай зурдаг болохыг мэдэж билээ. Бүх хүүхнүүд залуу цэргийн авьяасыг биширсэн хэмээн Любжуа хатагтай анх Гитлертэй танилцсан талаараа ярьжээ. Ингээд тэр хоёрын харьцаа дотносч эхэлжээ. Дараа жил нь гэхэд хүү Жан-Мари нь төрлөө.
-Ховорхон олдох боломжоороо бид хотоор зугаалах дуртай байлаа. Харамсалтай нь би немеци хэл сайн мэддэггүй байсан. Хэрвээ ярьж чаддаг байсан бол түүнийг хаанаас ирсэн, хэн гэдэг, бас юу бодож мөрөөддөг байсныг мэдэх байлаа хэмээн ээж нь хүүдээ ярьсан байжээ.
Хүү ээжийнхээ энэ илэн далангүй ярианаас үүдэн амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл олон талын судалгаа хийсээр иржээ. Түүнд итгэхэд хэцүү байлаа. Дэлхийн хүн төрөлхтний хамгийн ихээр үзэн яддаг хүний хүүхэд гэхээр...
–Би сэтгэл санааны гүн хямралд орохгүйн тулд гар хумхихгүй ажиллаж байсан. Амралт гэж надад гардаггүй байсан. Сүүлийн 20 жилд би нэг ч удаа кинотеатрт очоогүй гээд бод хэмээн Лоре намтартаа дурджээ.
1970-аад онооос Лоре өөрийгөө Гитлертэй ямар нэгэн байдлаар холбоотой гэдгээ нотлохын тулд баримт цуглуулж, мэдээлэл хайж эхэлжээ. Ингээд 1979 онд тэр хуульч Франсуа Гибод хандаж өөрийгөө
-Би Гитлерийн хүүхэд байна. Надад юу хийхийг минь зөвлөөч гэжээ. Түүний хүсэлтийн дагуу Гибо хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл цуглуулахаас өмнө Гейдельбергийн их сургуулийн түүх, генетик судлаач, графологич эрдэмтэнд хандсан байна. Ингэхэд эрдэмтдийн баг санал нэгтэйгээр Жан-Мари Лорег Гитлерийн хүү байж болох талтай хэмээсэн дүгнэлт гаргасан байдаг. Мөн Гитлер франц бүсгүйдээ Дэлхийн хоёрдугаар дайны дунд үе хүртэл мөнгөтэй дугтуй бүхий захидал илгээж байсныг л батлах болно гэдгээ хуульч Гибо мэдээлжээ. Мөн Любжуа хатагтайн байшингийн дээврийн хөндийгөөс Адольф Гитлерийн гарын үсэгтэй зургууд олдсон бөгөөд нэг зураг дээрх бүсгүйн хөрөг Жан-Мари Лорегийн эхтэй тун төстэй харагддаг гэнэ. Эдгээр баримтуудад нарийн шинжилгээ хийн нотолж чадвал Лорегийн үр удам Гитлерийн “Mein Kampf” хэмээх номын борлуулалтаас ч хувь хүртэх эрхтэй болох гэнэ.
Бэлтгэсэн Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )