АНУ-ын иргэд шинэ мэдээллийг хэвлэмэл сонин болон сэтгүүлээс бус харин интернэтийн сүлжээнээс авахыг илүүд үзэх болсон тухай Америкийн сэтгүүл зүйн «Poynter Institute» хүрээлэнгээс гаргасан илтгэлд дурджээ.
Илтгэлд тэмдэглэснээр, онлайн мэдээлэл нь мэдээллийн хэрэгслэлүүдийн дотор анх удаа зурагтын дараа хоёрдугаарт орсон байна.
Түүнээс гадна жилээс жилд хэрэглэгчдийнх нь тоо нь нэмэгдэж буй мэдээллийн хэрэгсэл бол интернэт сүлжээ, тэр дундаа интернэт дэх мэдээллийн вэб сайтууд юм. Харин радио, телевиз, хэвлэмэл сонин, сэтгүүлүүдийн хувьд тухайн үзүүлэлт нэмэгдээгүй байна. Хамгийн олон хэрэглэгчтэй хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн жагсаалтыг орон нутгийн телевиз урьдын адил тэргүүлсэн хэвээр байгаа ажээ.
«Poynter» компаниас явуулсан санал асуулгад оролцогсдын 34 хувь нь сүүлийн хоногуудад мэдээллийг интернэт сүлжээнээс уншсан гэж хариулсан бол 31 хувь нь хэвлэмэл сониноос уншсан гэсэн байна. Түүнээс гадна санал асуулгад оролцсон 18-аас 29 нас хүртэлх насны залуучуудын 65 хувь нь интернэт бол тэдний хувьд мэдээллийн гол эх сурвалж болохыг хэлжээ.
Өнгөрсөн онд онлайн мэдээллийн хэрэгслэлүүд нь зар сурталчилгааны орлогын хэмжээгээрээ анх удаа хэвлэмэл сониныг гүйцсэн байна. Зар сурталчилгаа өгөгсөд өнгөрсөн онд тухайн салбарт 2009 оныхоос 13,9 хувиар их буюу АНУ-гийн хэмжээнд 25,8 тэрбум долларын орлого оруулжээ.
Монгол улсын хувьд ч интернэт сайтуудын хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэж, мэдээллийн зах зээлд томоохон байр суурийг эзэлж эхлээд байна. Энэ дундаас News.mn, Zaluu.com, Gogo.mn, Shuud.mn, olloo.mn, mongolnews.mn зэрэг мэдээллийн сайтууд нь тэргүүлэх байр суурийг эзэлж, өдөрт дунджаар 40-100 мянган хэрэглэгч орж мэдээлэл авч байгаа нь Монгол улсын мэдээллийн зах зээлд томоохон байр суурийг эзэлж байна. Гэвч дийлэнх интернэтийн сайтууд нь албан ёсны редакцийн бүрэлдэхүүнгүй, мэргэжлийн сэтгүүлчээр дутмаг бөгөөд зөвхөн интернэтийн орчин дахь хэрэглэгчийн тоонд найдаж, мэдээ "хулгайлах" замаар амь дүйж байгаа нь сайтуудын шударга өрсөлдөөн, хөгжлөөс хойш татаж байна. Zindaa.mn сайт нь өндөр ур чадвартай, туршлагатай мэргэжлийн сэтгүүлчдийн баг бүрдүүлж чадсанаар 2011 оны 3-р сарын 8-нд нээлтээ хийсэн цагаасаа эхлэн хэрэглэгчдийн тоо тогтмол өсч өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 12.000 хандалт авч, Монгол улсад тэргүүлэгч топ 100 сайтын яг 80-д, мэдээллийн сайтуудын дундаас 10-р байрт бичигдээд байна. Та www.alexa.com хаягаар орж Монголын шилдэг 500 сайтын жагсаалтыг харж болно. Энэ дашрамд биднийг сонгож, шударга үнэн мэдээллийг уншиж байгаа нийт уншигчдадаа халуун талархал илэрхийлье. Монголын олигархуудын талаар, Хятад болон Хойд Солонгосын тагнуулын байгууллагуудын Монгол дахь нууц ажиллагаа, Ш.Сайхансамбуу гишүүнийг авилгалтай тэмцэх газар шалгах ёстой гэсэн үндэслэлийн талаар болон өөр хаана ч гараагүй бусад сонирхолтой мэдээ, мэдээлэл, факт баримтыг дэлгэн тавьсан шигээ цаашид манай редакцийн хамт олон улам шаргуу, шударга ажиллахаа уншигчдадаа амлаж байна.
Г.Оюун. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )