Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Архидалтын эсрэг уриалга гаргаж, Шинэ оныг шилэн стаканд сүү барьж угтсаны дараа “сүүтэй” ерөнхийлөгч хэмээх алдрыг ард түмнээсээ хүртсэн. Ерөнхийлөгчийн маань хийсэн энэ алхам туйлын чухал, амин хэрэгцээтэй зүйл байсан учраас сэтгүүлчид түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Харин Монголын сүүний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний чанар даанч эргэлзээ төрүүлж байна. Ихэнх үйлдвэр нэртэй газрууд гар аргаар шахуу Хятадаас импортлон оруулж ирсэн хуурай сүүг гялгар цаасанд савлан зарж борлуулж байна. Гэтэл Хятад улс сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 1176 компаниас 553-г нь хаалаа. Хуулийг жинхэнэ утгаар хэрэгжүүлдэг тус улсын төрийн шийдвэр бол эцсийнх байдаг. Сүүний үйлдвэрүүдийг хаасантай холбоотойгоор эздүүд нь нөөцөнд байгаа чанар муутай хэдэн сая тонн хуурай сүү буюу түүхий эдээ гуравдагч орнууд руу гаргаж эхэлсэн тухай мэдээлж байна. Угаас хямд юманд нугасгүй Монголын хэдэн үйлдвэр энэхүү операцид өртөх хамгийн өндөр магадлалтай юм. Ер нь ч том жижиг гэлтгүй манай хэдэн үйлдвэрүүд бүгд л Хятад хуурай сүүг найруулаад гоё ганганаар савлаад зарж байгаа нь нууц биш. Тэгэхээр сүүтэй ерөнхийлөгч маань хэдэн үйлдвэрийнхээ хяналтыг дээшлүүлэх талаар засгийн газарт сануулга зөвлөмж хүргүүлж, дорвитой ажил хийхгүй бол Монгол хүний хүнсний аюулгүй байдалд бодитой занал нүүрлэлээ. Хэдэн архины үйлдвэр чинь харин эх орны хөрсөнд ургасан гайгүй сайн буудайгаар архиа хийгээд байгаа учраас Хятадын хаягдал хуурай сүүгээр хийсэн Шилэн стакантай сүү тэднээс илүү балаг тарьж мэдэх л юм.
Р.Зоригт. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )