Ш.Сайхансамбуу хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би хахууль өгсөн хүмүүстэйгээ зэрэгцээд сууж байна” хэмээн мэдэгдсэн нь АТГ-ынхны анхааралд өртөж, түүнийг албан ёсоор шалгаж эхлээд байгаа билээ. Тэрээр өмгөөлөгчийнхөө хамт АТГ-т ойрын хугацаанд мэдүүлэг өгөх бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар бол дөрвөн гишүүний нэрийг зарлах гэнэ. Тэгэхээр Ш.Сайхансамбуу хэвлэлд зүгээр ч нэг ам алдчихаагүй бололтой. Түүний эзэмшдэг асар том нөөцтэй хүрэн нүүрсний ордын ашиглалтын лицензийн асуудал, мөн чуулган болон телевизээр олон удаа ярьж буй эсэргүү үгст нь намынх нь голдуу нөхдүүд алергитэж, ирэх сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байхаар хор найруулж эхэлсэн гэх. Үүнд нь эгдүүцсэн захын босс өөрийнхөө хөзрөөс өчүүхнийг нь ийнхүү дэлгэжээ. Харин тэр шууд авлигачдыг нэрлэнэ гэж дайрахаас болгоомжилж, ам алдах стилийг сонгон сэтгүүлчдэд буу халсан бололтой. Авлигатай тэмцэх газар эрх чөлөөгөө эдэлж байгаа энэ үед бүхий л цаг үеийн хамгийн том авлигын хэргийн дуулианыг энэ эрхэм ийнхүү тарьж магадгүй болоод байна. Ер нь тэгээд Сайхансамбуу тэр дөрвийг нэрлэчихдэг юм бол энэ 76 толгойгоос шоронд орохгүй үлдэх хүн байна уу?
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )