СТА дуучид болох Л.Банзрагч, А.Мөнхбат, Д.Бурмаа нар том “хаагаа” хийсэн тухай нийтийн дуучид атаархан ярьж байна. Тус гурван дуучны хамтарсан “Алтан үеийн Аялгуу үргэлжилсээр” тоглолт болж, урлагийн алтан үеийнхний төлөөлөл болох нэрт дуучин Банзрагч, Цэрэнчимэд, Түмэндэмбэрэл агсны дуунуудаар цангасан үзэгчид Бөхийн өргөөнд хоёр өдөр батгана багтах зайгүй болтол дүүргэж байсан. Алтан үеийнхний дуу хоолойг үгүйлж байгааг соргогоор мэдэрсэн гурван дуучин эх орноо нар зөв тойрон тоглосоор, одоогоор Төв аймгаас бусад аймагт ая дуугаа өргөөд байна. Хотын голдуу зарим сонсогчид тэднийг “сүнс дуулж” байна гэж гоочилдог ч тэдний уран бүтээл нийтэд таашаагдаж байна.
Үзэгчид тэднийг үнэхээр хүсэн хүлээж байжээ. Увсад дөрвөн удаа тоглож нийтийн дуучид дундаа бяцхан “рекорд” тогтоогоод амжиж. “Ойрд ийм сайхан тоглолт үзсэнгүй. Алтан үеийн аваргууд тайзнаа дахин гарсан юм шиг санагдлаа” хэмээн настайчуул нулимсаа арчин суужээ. Ховд аймагт гурван удаа тоглоод шөнийн 03 цагт театраас гарахад үзэгчид “Дахин тоглохгүй юм уу” хэмээн театраасаа гаргахгүй нэлээд зовоожээ. Ер нь очсон аймаг бүртээ 2-3 тоглолт хийж байсан аж.
СТА гурван дуучин ашиг орлогоо нууж байсан боловч баттай эх сурвалжийн хэлснээр бол тэд 120 сая төгрөгийн цэвэр ашиг олжээ. Нэг дуучинд 40 сая төгрөг ноогдож байгаа нь нийтийн дуучдын нэг тололтоос өмнө нь олж байснаас хол илүү байгаа талаар үеийн дуучид нь өдгөө ид ярьж байна. “Алтан үеийн Аялгуу үргэлжилсээр” тоглолт цаашид хилийн чанадад суугаа монголчууддаа тоглосноор үргэлжлэх бөгөөд тэр үед энэ тоо магадгүй, хүн бүрийн 120 сая болж нэмэгдэх биз ээ.
Ч.Гармаа
Сэтгэгдэл ( 0 )