” Оддын од” гялалзах мөчид

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 17



Тэр бол цорын ганц, дахин давтагдашгүй дэлхийн хэмжээний кино жүжигчин. Түүнийг “Оддын од” хэмээн нэрлэж байсан удаатай. Үүнийг нотлох мэт тэрбээр саяхан болсон кино ака­демийн дээд шагнал болох Оскарын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шаг­на­лын эзэн болсон. “Төмөр хатагтай” киноны дүрээрээ хүртсэн юм. Гэхдээ түүний амьдрал бүтээсэн дүрээсээ ч илүү сонирхолтой. Мерил Стрип нь өдгөө 63 нас зооглож яваа.

Түүний дүр дэлхийн томоохон киноны дэлгэцнээ мөн­­хөрсөн. Жишээ нь 1978 онд бү­тээгдсэн “Бугын анчин” киногоороо амжилтын гараагаа эхэлсэн. Мөн 1982 онд “Софигийн сонголт”, 2008 онд “Эргэлзээ”, 2009 онд “Жулий ба Жулиа” гэх мэт олон бүтээл түүнийг кино ертөнцөд алдаршуулсан. Мөн 1985 онд “Түгшүүртэй зүрх”, 1987 онд “Зараа уул”, 1992 онд “Тэр шулам”, “Үхэл нүүрлэсэн нь” кинонд бүтээсэн дүр нь багагүй амжилт олсон байна. 1984-1990 онд “Ардын сонголт” шагналыг зургаан удаа хүртсэн ба 1990 онд түүнийг “Дэлхийн хайр хүндэтгэл хүлээсэн хүн”-ээр тодруулсан юм. Эгэл даруу, ухаалаг зан төрхөөр өөрийн найз нөхдийн хайр, хүндэтгэлийг хүлээж чадсан нэгэн.

Дэлхийн хоёрдугаар дайны да­раа буюу 1949 оны зургаадугаар сарын 22-нд төрсөн болохоор өвөө нь түүнийг хонгорхон “Энх тайван” хэмээн дууддаг байжээ. Мерилийн ээж нь сурталчилгааны жүжигчин байсан ба эцэг нь эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн захирал байжээ. Айлын ганц охин байсан тул бага байхын хүссэн зүйлээ хийдэг байсан талаар хожим эцэг нь дурссан удаатай. Дээрээ хоёр ахтай ба гэр бүлийнхэн нь XVII зуунд Германаас АНУ-д цагаачлан иржээ. Харин зарим нь “Мерилийн эцгийн талынх нь өвөг дээдэс XV зуунд Голланд руу цагаачлан гарсан Испанийн еврейчүүд байсан” хэмээн ярьдаг. Мерил Стрип хүүхэд байхын ээжийгээ дуурайн жүжигчин болох хүсэлтэй байжээ. Тиймээс 18 настайдаа “Midsummer Night dream” киноны Хеленагийн туслах дүрд тоглож байжээ.



Түүний анхны нөхөр Жон Казале гурван жил амьдарсны дараа золгүй тохиолдлоор 1987 онд амиа алдсан юм. Нөхрөө алдсны дараа Стрип амьдарлаа шинээр эхлэхийг хүсэн тэр жилдээ сийлбэрч залуу Дон Гаммертай гэрлэсэн билээ. Залуу хос улмаар дөрвөн хүүхэдтэй болж хоёр охин Грейс болон Меми нар нь мөн кино жүжигчин болжээ.  Мерил Стрипийн охин Меми Гаммер өдгөө 26 настай бөгөөд дөнгөж гурван настайдаа ээжтэйгээ хамт “Хорсол” кинонд тоглож байсан юм. Меми хэдэн жилийн өмнө Нортвестэрнийн их сургуулийг төгссөний дараа “Шоглоом” , “Очир алмазны гарз” зэрэг кинонуудад тоглож байжээ. Харин хүү Хэнк “Хенри Вольф” нэртэй хөгжмийн тоглолтоо хийж өөрийн замыг сонгосон гэдэг.

Нэгэн телевизийн нэвтрүүлгээр Мерил Стрипийн амьдралыг дөрвөн хүүхэд нь  “Солонгын долоон өнгө шиг” хэмээн ярьж байж. Учир нь түүний хүсэл мөрөөдлийг хэн ч тааж чаддаггүй аж. Түүний хүсэл мөрөөдөл солонгын долоон өнгө шиг янз бүр. Юу хүснэ түүнийхээ ард гарч байж санаа нь амардаг учраас тэр. Өөрөөр хэлбэл, зорьсон зорилгодоо заавал хүрдэг тууштай зан чанартай гэсэн үг.

Тэрбээр 1978 оноос хойш хамгийн олон удаа буюу 17 удаа “Оскар”-ын шагналд нэр дэвшиж байгаа жүжигчин бөгөөд шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг туслах дүрийн шагналыг, мөн Алтан бөмбөрцгийн эзэн болж байв. Одоогоос дөрвөн жилийн өмнө тэрбээр “Миний хийж байгаа, бүтээж байгаа дүрүүдийн ихэнх нь бодит амьдралаас сэдэвлэсэн байдаг болохоор би дүрүүддээ маш их хайртай. Нэг талаасаа бодит амьдралыг бүтээх амархан мэт боловч түүний оронд хэрхэн орлон жүжиглэх нь хамгийн хэцүү байдаг ” гэсэн удаатай. Мөн ОХУ-ын “Труд” сонины сурвалжлагчийн асуусан “Одоо дэлхий даяар дэлгэрээд байгаа гоо сайхны мэс заслын талаар та юу боддог вэ” гэсэн асуултад  өөрийн байр суурийг илэрхийлсэн нь дэлхий нийтийг гайхшруулж чадсан гэдэг. Тэрбээр “Би хөгшрөлтийг дагалддаг олон хүндрэл бэрхшээлийг мэднэ. Гэхдээ нүүрээ бүхэлд нь эсвэл зарим нэг хэсгийг хөдөлгөөнгүй болгочихсон хүмүүс надад их сонин харагддаг юм. Ийм хүмүүстэй харилцаж байх үед өөрийн эрхгүй яг тэр хөдөлгөөнгүй хэсэгт нь анхаарал төвлөрчихнө. Яагаад ч юм бусад хөдөлгөөнтэй хэсгээсээ илүү миний анхаарлыг татдаг. Өнөө үед хэрвээ гоо сайхны мэс засал хийлгээгүй бол таныг хэвийн буст тооцож, гайхсан харцаар үдэх болсон юм шиг. Урьд нь хүмүүсийн шүд их муу байсан. Хазгай мурий, шарласан гээд л. Гэхдээ энэ нь жирийн л зүйл байсан. Гэвч бүгд л үүндээ санаа тавьж, шинэ юм шиг болгодог болжээ. Хэрвээ одоо хэн нэгнийх нь шүд муухан харагдаж байвал шууд л анзаарна” гэсэн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клин­тон түүнийг “Бүх цаг үеийн хамгийн шилдэг эмэгтэй жүжигчин” гэж дуу алдаж байсан гэдэг. Кино урлагийн дэлгэцэнд амилуулсан түүний дүр өдгөө олон шүтэн бишрэгчдийнх нь хайр хүндэтгэлийг хүлээсээр ирсэн. Харин шүтэн бишрэгчид нь түүнийг “Мянган төрхтэй эмэгтэй”, “Холливудын хамгийн оюунлаг жүжигчин” хэмээн өргөмжилдөг аж.

Б.Баатар

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top