Монгол шиг үнэтэй хогийн сав байдаг юмуу?

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 09

    Америкчууд Монголд цөмийн хог хаягдлаа булшлах тухай яриа олон улсад гарчээ. Үүний дараа цөмийн эрчим хүч хэрэглэж байгаа бүх орнууд Монголд хогоо хаяна гээд хөөрцөглөчихөж. Олон улсын цөмийн бодлого боловсруулагчдын хурал дээр АНУ-ын Төрийн департаментын Цөмийн эрчим хүч, Аюулгүй байдлын албан захирал Ричард Стартфорд гэгч “Монгол улс бусад орны цөмийн хог хаягдлыг өөрийн газар нутаг дээр агуулахыг зөвшөөрвөл цөмийн түлшний хаягдлыг хадлагах асуудлыг олон улсын түвшинд шийдвэрлэхэд чиглэсэн эерэг алхам болно” гэж мэдэгдсэн талаар “Өдрийн сонин”-д мэдээлжээ. Өргөн уудам газар нутагтай юм чинь хэн ч ашигладаггүй говьд нь аваачаад булчихаж болно гэх санааг ч америкчууд хэлсэн байх юм. Хачирхалтай нь эл санааг америкчууд өөрсдөө биш манай хоёр төрийн өндөр албан тушаалтан Америкт айлчлах үеэрээ гаргасан гэж эх сурвалж мэдээлжээ. Америкчууд өөрсдөө Невада муж улсын Юкка хэмээх ууланд цөмийн хог хаягдлаа битүүмжлэн булах шийдвэр гаргасан ч Обамагийн ажлын албанаас өнгөрсөн жил хориг тавьсан байна. Хүний генийн түвшинд нөлөөлж, үр үндсээр устгадаг, үзэхийн аргагүй эрэмдэглэдэг энэ хорт хаягдлыг эх орондоо тээж үлдэх сонирхолгүй байгаа нь Обамагийн зөв. Өөрөө л амьд үлдэж байвал Монгол нь авна, Молдав нь авна уу америкчуудад ямар хамаа байна. Харин хүний хортой хог хаягдлыг өөртөө авч үлдье гэдэг ЭРГҮҮ түшмэл манайхаас өөр оронд одоогоор гараагүй байна. Таван толгой, Оюутолгой, Эрдэнэт, Олон овоот, Нарийн сухайт гээд дааж давшгүй их баялагтай орны эзэд ийм юм яриад явж байна гэхээр даанч гомдмоор байгаа биз дээ. Ядаж ийм үнэтэй хогийн сав байж болохгүй дээ гэх логик толгойд нь орж ирсэнгүй еэ. Энэ хоёр эрхмийг олж далан давхар, дарь эхийн овооны хогийг тэр чигт нь өгье, монголчуудаа. Тийм л хог булах, авах сонирхолтой юм бол тэр холоос хортой хог чирч ирж байхаар дэргэдээ байгааг нь аваг. Энэ хоёр сайд бол Гадаад харилцааны яамны шугамаар 2011 оны 1-р сарын 30-нд АНУ-д айлчилсан төрийн өндөр албан тушаалтан юм байна. Нэрийг нь олж мэдээд заавал хог дээр гаргацгаая. Эсвэл ийм зүйл ярьсныхаа төлөө Монголын ард түмнээс уучлалт гуйх ёстой. Арай ч дээ.
    Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top