Сонгууль ч дөхлөө дөө. Ард түмний дөрвөн жилд ганц удаа пээдийдэг үе. Ёстой ярвайгаад суучихна биз. Ялангуяа худлаа амлаад тэрнийхээ оронд өөр зүсмийн цаас өөдөөс бариад ичих ч үгүй зогсож байгаа эрх баригчид уулзах гээд ирэхээр нь ерөөсөө битгий яриул. Зүгээр л амлалтаа нэх. Өөр юу ярих юм бэ, энэ хүмүүстэй. Нөгөө Ард түмний нэр барьсан амлалт нэхдэг холбоонууд хаачив. Одоо л эднээс нэхэж авах хэрэгтэй байна. МАН, АН аль аль нь нэг их мөнгө амлаад байсныг бид мартаагүй шүү. Сард арав, хориор дусааж банкны үүдэнд баахан зодолдууллаа. Тэр нь нийлээд дорвитой ч юм болсонгүй. За бодъё. 70-аар нэг, 50-иар нэг, 10-аар хэдэн сар, 21-ээр сүүлийн гурван сар өглөө. Нийлээд 300 мянга ч хүрээгүй юм биш үү. Иргэд өөрсдөө тооцоод үзээрэй. Дуншиж, дуншиж сая л Таван толгойн хувьцаа гэж 536 гэсэн тоо өглөө. Бариад идчих базаад шидчих юмгүй, юугаа авлаа гэж тооцох вэ. Энэ тоо ер нь хэдэн ч төгрөг юм, бүү мэд. Зарим албан тушаалтны ярьж байгаагаар бол нэг хувьцаа 1000 төгрөг болох янзтай. Тэгвэл 536.000 төгрөг болох нь. Нийлээд 1.5 саяын чинь тал нь болж байх шив. 2008 оны сонгуулиар танай тойргийн МАХН-ын гишүүн юу ярьж байсныг санаж байна уу. Таван ам бүлтэй айл байлаа гэхэд 7.5 сая төгрөг авна. Үүгээр чинь их юм хийнэ биз дээ гээд л. Бурхныхаа дэргэд тавьсан, эсвэл баадагнаж далд хийсэн 1.5, 1.0 сая гэсэн том тоотой эрээн цааснуудаа одоо нэг гаргаж ирээд үз л дээ. Яах аргагүй далбайчихаад том дэвсгэртийн мөнгө ч юм шиг, санал өгөхгүй байхын аргагүй байгаа биз. Бидний буруу биш, тэдний буруу биш. Бидний ч буруу, тэдний ч буруу. Маргаад юухэв. Одоо зүгээр л мөнгөө авъя. Харин 1.5 сая гэж битгий тоо андуураад бай. Сү.Батболд сайдын буюу МАН-ын 1.5, Алтанхуяг буюу АН-ын 1 сая шүү дээ. Нийлээд хоёр сая таван зуун мянган төгрөг авна шүү. Одоо өгчихөөд байгаа 300 хүрэхгүй мянган төгрөгийг яг хэн нь өгсийн. Хоёулаа нийлж төр барьсан болохоор хувь тэнцүүлээд тооцчихож болох л юм. За тэр 536 ширхэг хувьцааг нь 536.000 төгрөгөөр тооцъё оо, яршиг. Үлдсэн мөнгөө хэн нь яг хэзээ өгөхийм бэ. Өмнөх өрөө төлөөгүй байж, дахиад санал авна гэж ярихгүй шүү, дарга нараа.
Ө.Мэргэндүү. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )